МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.25
Эрүүл мэнд

Л.Энх-Амгалан: Ойлгомжгүй, чирэгдэл учруулсан тогтолцооноос болж иргэд эрүүл мэндийн зардлыг халааснаасаа төлж байна

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Нэгдүгээр Ч.Хүрэлбаатар сайд болон Сангийн яамныханд онцгойлон баяр хүргэмээр байна. Эрүүл мэндийн салбарт реформ хийх хэмжээний асуудлыг оруулж ирлээ. Уг нь Эрүүл мэндийн яам манлайлах байсан юм. . Иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж буй 100 төгрөг тутмын 32 хувь халааснаасаа төлж байна, гэтэл өндөр хөгжилтэй улсууд 10-11 хувь байна. Тэгэхээр энэ өөрчлөлт рүү орох хэрэгтэй. Т.Мөнхсайхан сайд таныг салбарын сайдаар тавьсан нь энэ манлайллыг хийгээсэй гэснийх. Мөн эмнэлгүүдийн худалдан авалтыг нэг гарцаар хийж байх талаар тусгасан байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийг хагас хувийн болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Гуравдугаарт, эмийн асуудал байна. Гурван эм тутмын нэг нь хуурамч, 10 мянган төгрөгөөр хилээр орж ирсэн эм 168 мянган төгрөг болж байна гэх мэт асуудал байна. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлсэн өвчтөн эргээд өрхийн эмнэлэгт очиж эмээ бичүүлж байна. Гэх мэтчилэн төвөгтэй асуудал байсан тул шинэчлэлийг зайлшгүй хийх хэрэгтэй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

Бид эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх ёстой. Иргэд эмэндээ дугаарлаж, эрүүл мэндийн салбар дутуу санхүүжилттэй явдаг, гэр бүлийн нэг гишүүн өвдөхөд гэрийн санхүү хүндэрдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан манлайлж ажиллаж байна, мөн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дэмжиж байна. Ц.Туваан, Б.Бейсен гээд эмч мэргэжилтэй гишүүд дэмжих байх. Эрүүл мэндийн яам энэ ажлыг бүхий л чиглэлд нэг бүрчлэн оролцож ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

Миний хувьд хоёр ч эмнэлгийн даргаар ажиллах хугацаандаа санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй бол иргэд ч эмч ажилчид ч зөв үйл ажиллагаанд орохгүй юм байна гэдэг саналыг гаргаад Ч.Хүрэлбаатар сайдад хэлээд хамтарч ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Эмнэлгийн бие даасан байдлыг хангахаар гурван эмнэлэгт туршилт хийгээд амжилттай болсон юм байна лээ. Тиймээс дараагийн эмнэлгүүдийг хэзээ хагас бие даасан байдалд шилжүүлэх вэ? 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

Одоогийн байдлаар лавлагаа шатлалын гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэн. АӨСҮТ, I, III эмнэлэг. Дөрөвдүгээр сараас хагас бие даасан байдалд шилжсэн, эхний үр дүнгүүд гарч байна. Гэхдээ өрх, сум, дүүргийн эмнэлэгт хэр үр дүнтэй байх талаар туршлага байхгүй учраас ирэх онд бүх шатлалын эмнэлгийг хамруулсан  10 эмнэлэгт туршилж хийж, 2022 оноос бүгдийг нь хамруулахаар төлөвлөж байна. Нэг зэрэг шилжүүлэх нь эрсдэлтэй. 

ШИНЭ МЭДЭЭ