МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.08.21
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн санд санхүүжилт хийгдэх үү?

Өнөөдөр /2020.08.21/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар 2020 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оюутны хөгжлийн зээлийн талаар тодруулсан юм.

Л.Энх-Амгалан: Оюутны хөгжлийн зээлийг байгуулсан шалтгаан нь Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг төлөх зориулалттай. Энэ зээлийн санг 75 тэрбум төгрөгний эх үүсвэрээр баталсан. Харин энэ сангийн гүйцэтгэл бага байна. Бид босгуудыг өндөр байсныг багасгасан. Өмнө нь зээл авсан хүүхдүүдийн төлбөр их дээд сургуулиуд дээр очоогүй байна. Одоо курс ахиад сурж байгаа хүүхдүүд зээл авах гэхээр оюутны хөгжлийн сангаас чиглэл өгөөгүй, санхүүжилт тодорхой бус байна гэсэн тайлбар ирж байна. Энэ төсвийн тодотголоор оюутны хөгжлийн зээл дээр хэдэн төгрөг тавигдсан бэ? Хэдэн оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлэх бололцоотой вэ? Санхүүжилт нь хийгдэх үү?

ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалт, хөдөлмөр эрхлэлтийн сангийн асуудлууд байна. Цар тахлын энэ хүнд үед ажлын байр гаргадаг ЖДҮ-ийн салбарыг онцгойлон анхаарахыг шаардаж байна. ЖДҮ-ийн нийт зээлийн эргэлт 4 их наяд байна. Гэтэл зээл олголт нь үүнийхээ 20 хувьд хүрэхгүй байна. Монгол улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 60 орчим хувь нь энэ салбарт ажиллаж байна. Төрийн банкны өөрчлөн байгуулалтын асуудал, ЖДҮ-ийн сан, зээлийн батлан даалтын санг амь оруулах зайлшгүй шаардлагатай. Хөдөө орон нутагт ажиллаж буй хүмүүст зээлийн барьцаа хөрөнгө байдаггүй. Эдгээр сангуудыг ерөнхийд нь өөрчлөх асуулалтыг авч үзэж, төсвийн өөрчлөлтөд тусгах шаардлагатай.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Сангуудын үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд эрс цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Боловсролын сангийн тухайд одоогийн байдлаар 10-аад тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан бөгөөд тодорхой хэмжээний мөнгө үлдсэн байгаа. Боловсролын зээлийн сангийн тогтолцоог эргэж харж үзэх ёстой. Отгонбаяр сайдын үед их, дээд сургуулиуд 150 гаруй байсныг 90 гаруй болгосныг сайн санаж байна. Одоо эргээд хэд болсныг мэдэхгүй. Боловсролын зээлийн сангийн бодлогыг тодорхой болгох хэрэгтэй байна. Мэргэжлүүдээ эрэмбэлж, эдийн засагт хэрэгтэй, дутагдаж буй салбарын мэргэжилд зээл олгох шаардлагатай. Зээлийн санг боловсролын хөгжлийн бодлоготой нийцэж явж буйд би эргэлздэг. 

ЖДҮ сангийн хүртээмж багатай, нийт хүсэлтийн 20 хүрэхгүй хувьд хүртээмжтэй байна. Цаашдаа банк санхүүгийн системийг хүчтэй болгож, ЖДҮ-гээс олгож буй зээлийн бизнесийн салбарыг ач холбогдлоор нь ил тод, цахимаар олгодог тогтолцоог бий болоосой гэж бодож байна.

Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж: Боловсролын сайдын багцад төсвийн тодотголоор 27 тэрбум төгрөг батлагдаж байна. Өмнөх жил бид Боловсролын зээлийн санд 11 мянган оюутны 33 тэрбум төгрөг гэж тооцсон боловч 5800 орчим оюутнуудад л хүрсэн. Тиймээс шаардлагатай хүсэлт өгсөн бүх оюутнуудад хүрэх боломжтой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ