МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Энх-Амгалан: "Ганц мод унагаах эрхгүй, чөдөртэй морь шиг амьдарч болохгүй"
2020.06.17
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: "Ганц мод унагаах эрхгүй, чөдөртэй морь шиг амьдарч болохгүй"

УИХ-ын Сонгуулийн 17-р тойрог Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалантай ярилцлаа.

–Сонгуулийн сурталчилгаа дуусах шатандаа орж байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор зургадугаар сарын 2-нд наран ургах зүг Хөвсгөл аймгийн Тариалан сумаас эхэлсэн. Одоогийн байдлаар 22 суманд уулзалт, ярилцлага хийж 20 мянга гаруй иргэдтэй уулзаад байна.

-Газар зүйн байршил, хүн амын тооноос хамаараад уулзалт бүр онцлогтой, ярианы сэдэв өөр, тулгамдаж буй асуудал нь харилцан адилгүй байгаа болов уу?

-Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалаад энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа тодорхой хязгарлалттай явагдаж байна. Гэсэн хэдий ч нутгийн ахан дүүс маань уулзалтуудад харьцангуй их ирж биднийг дэмжиж байна. Энэ нь бидэнд итгэж байгаагаас  гадна манай намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой иргэдэд ойрхон болсон юм болов уу даа гэж харж байгаа. МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт Монгол орны бүх сум баг, иргэдийн санал туссан юм шүү дээ.

Хөвсгөл аймгийн тухайд газар нутаг том, хүн ам ихтэй. Улаанбаатар төдийгүй аймгийн төвөөсөө алслагдсан сумд олонтой. Сум, сумын онцлог ч их. Халх, хотгойд, дархад гээд үндэстэн ястны өлгий нутаг. Мөн эрхэлж байгаа аж ахуй нь ч сум сумаараа онцлог. Мал аж ахуй газар тариалан зэрэгцэн оршдог сумд ч бий.

Жишээ нь манай Ханх, Ренчинлхүмбэ, Улаан-Уул сумын ихэнх нутаг байгалийн тусгай хамгаалалттай газарт багтдаг. Тиймээс нутгийн малчид нь малаа маллах бэлчээргүй, өвөлжөө хаваржаа руугаа ч орж чадахгүй боллоо гэх асуудлуудтай тулгардаг.

Аймаг орон нутгаа бүхлээр нь харсан нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна уу даа гэсэн бодол уулзалтын явцад төрж байлаа.

– Хөвсгөл аймгийг “Аялал жуулчлалын тулгуур төв” болно гэж хүн болгон ярьдаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?

-Манай Хөвсгөлчүүдийн ажлын байр, өрхийн орлого нэмэгдэх гол салбар бол аялал жуулчлал. Бид нэгэнт уул уурхайгүй аймаг болохоор бодлогоо тодорхойлоод энэ удаагийн сонгуульд У.Хүрэлсүхийн багийг дэмжвэл уул уурхайгүй аймаг болно гээд яриад байна шүү дээ. Тэгэхээр манай аймгийн хөгжлийн үндсэн чиглэл мал аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжүүлэх болж байна.

Аялал жуулчлалыг иргэдэд ээлтэй, байгаль орчинд хоргүй хөгжүүлэх ёстой. Өнөөдөр дуртай бүхэн нь машин унаатайгаа ирээд хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулж байна. Улаанбаатар хотод харъяалалтай аялал жуулчлалын баазууд нутгийн иргэдэд нь орлого оруулдаггүй, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаггүй, нэг ч төгрөгийн татвар аймаг болоод тухайн суманд үлдээхгүй байна. Үүнийг л өөрчлөх ёстой.

Иймээс л иргэдэд ээлтэй, ажлын байр нэмэгдүүлсэн, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, орон нутагт татвараа төлдөг аялал жуулчлалыг хөгжүүлье гэж зорьж байна.

Азийн хөгжлийн банкны “Хөх сувд” төслийг 2012 оноос хөөцөлдөн хэрэгжүүлж эхлээд байна. 35 сая ам.долларын санхүүжилттэй уг төслийн хүрээнд зүүн чиглэлийн замын ажлууд эхэлчихсэн. Цэвэрлэх байгууламж барих, хогны асуудал шийдэх, 1000 машины зогсоол барих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор энэ хөтөлбөр хэрэгжих юм. Мөн хөтөлбөрийн хүрээнд нуур тойрсон Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Хатгал гэсэн зургаан сумын  иргэд жилийн 1,6 хувийн хүүтэй  зээл авч үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн ахуй амьдралаа дээшлүүлэх боломжтой болсон. Манай Хөвсгөлийг Монголын Швейцарь гэж нэрлэдэг. Швейцарь улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд “Швейцарь” нэртэй нуураа тойруулан дэд бүтцийг нь маш сайн хөгжүүлж чадсан. Ингэснээр жилийн 4 улирлын аялал жуулчлал нь сайн хөгжсөн юм билээ.  Бид өвөл аялал жуулчлалаар ирсэн нэг ч хүн авдаггүй байсан. “Хөх сувд” мөсний наадам хийдэг болсноос хойш өвлийн аялал жуулчлал манай аймагт хөгжиж эхэллээ.

Аялал жуулчлал хөгжөөд эцсийн дүндээ байгальдаа ээлтэй, хүндээ өгөөжөө өгдөг, мөнгө нь Хөвсгөл аймагт үлддэг л байх ёстой. Ямар улсад аялал жуулчлал хөгждөг вэ гэхээр гаднаас ирж байгаа жуулчид тухайн нутаг оронд өдөрт 300 ам.доллар зарсан газарт хөгждөг юм билээ.

– Монгол орны ойн сангийн дийлэнх хувь нь Хөвсгөл аймагт байна. Ойгоо хамгаалах нь зүйн хэрэг боловч ойн дунд амьдарч байгаа иргэдэд багагүй бэрхшээл тулгардаг тухай ярьж байсан?

– Улсын ойн нөөцийн бараг 40 хувь нь манай аймагт байдаг. Модныхоо хаяанд амьдарч байж ганц шургааг унагаах эрхгүй, өвөлжөө хаваржаагаа шинэчлэх эрхгүй, амины орон сууцаа барих эрхгүй амьдарч болохгүй л дээ. Гол нь зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэх ёстой. 2013 онд батлагдсан Ойн тухай хууль ойгүй газарт зориулсан хууль болж. Ерөнхийдөө гадны улсуудын хуулийг л шууд хуулчихсан юм билээ.  Би 2012 онд УИХ-ын гишүүн болоод 2013 онд энэ хуулинд өөрчлөлт оруулсан. Засч залруулах шаардлагатай зүйл үлдсэн байна гэдгийг уулзалтаар явж байх үедээ иргэдээс их сонслоо.

Экологийн цагдаа, эко цагдаа гээд сумын цагдаагаас гадна дахиад нэг цагдаатай болчихоор иргэд бид айдас хүйдэстэй хэцүүхэн л амьдарч байна гэж дөрвөн ч сумдын иргэд уйлах нь холгүй ярьж байна. Тэгэхээр миний хувьд дахин иргэдийнхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдвол нэн түрүүнд барьж авах ёстой хууль бол Ойн тухай хууль юм байна гэж бодсон.

Тэгэхгүй бол Байгалийн тусгай хамгаалалтын газарт амьдарч байгаа иргэд жимс, самраа түүж чадахгүй, байгалийн баялгаа зөв тэгш хүртэж чадахгүй, наад захын хэрэглээний модоо ч авч чадахгүй чөдөртэй морь шиг амьдарч болохгүй. Тиймээс энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм байна гэдгийг уулзалтын үеэр маш сайн ойлгож мэдэрч явлаа.

– Танай намын мөрийн хөтөлбөрт Мод боловсруулах үйлдвэр байгуулах тухай заалт орсон байсан уу?

– Тиймээ. Энэ бол манай МАН-ын намын зөвхөн Хөвсгөл аймагт зориулж тусгасан мөрийн хөтөлбөр. Бид аялал жуулчлалаас гадна хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хаагдсан модон эдлэлийн үйлдвэрүүдээ ч сэргээнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулж бэлтгэх юм. Өнөөдөр 30-35 насны залууст ажлын байр хомс, аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг бага байгаа. Тиймээс дээрх чиглэлээр хүмүүсээ мэргэшүүлж хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байна.

– Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган гээд олон сумдад нийтлэг яригдаж байгаа зүйл бол сум хоорондын хилийн цэс, малчид тариаланчдын газрын маргааны асуудал. Газар тариалан мал аж ахуй хэрхэн зэрэгцэн орших ёстой вэ?

-Манай аймгийн Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумдад газар тариалан эрхэлдэг. Их-Уулд бас хэсэг бий. Газар тариалангийн тухай хуулинд тариаланчид ямар үүрэг хүлээх тухай байдаггүй. Бараг л тариалан эрхэлдэг компаниудын захиалгаар хийгдчихсэн мэт байдаг. Малчдын мал өсөөд байдаг, бэлчээр нь байдаггүй. Уулзалтаар үеэр тариалангийн талбай руу малаа оруулчихсанаас болж 15 сая төгрөгөөр торгуулахаар болчихсон тухайгаа ярьж байна. Энэ бол шударга бус явдал.

Газар тариалан, мал аж ахуй аль аль нь хөгжих ёстой. Малчдын эрх ашиг ч гэж байх ёстой шүү дээ. Тэр тусмаа газар тариалангийн компаниуд үүрэг хүлээх ёстой. Малын тэжээл бэлтгэх, орон нутагтаа татвар төлөх, байгалийн нөхцөл хүндэрсэн үед талбайгаа чөлөөлж мал оруулах гэх мэт үүргийг газар тариалангийн компаниудад өгөх ёстой. Энэ мэтчилэн хамтран ажиллахад чиглэсэн олон санал малчдаас ирж байна. Газар тариалангийн компаниуд дураараа газраа өргөтгөөд байхаар малчид хаана, хэрхэн амьдрах билээ гэх зэрэг асуудлыг шийдэхийн тулд Газар тариалангийн тухай хуулинд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай.

– Өнөөдрийг хүртэл ахмадууд руу чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжээд байна. Цаашид хийж хэрэгжүүлэх ямар ажлууд танай намын мөрийн хөтөлбөрт туссан бэ?

-2016 онд МАН “Ач санах хууль батлана” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад хэрэгжүүлсэн. Энэ хуулиар ахмадууддаа олон боломжуудыг олгосон. Ахмадууд маань жилд хоёр удаа “Насны хишиг”-ээ авдаг болсон, тэтгэврийн зээл тэглэсэн.  Ахмад настнуудын дийлэнх нь тэтгэврийн доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Хуучин зөвхөн үнийн өсөлттэй уялдаж нэмэгддэг байсан бол Ахмад настны тухай хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж өгсөн. Монгол улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр үүнтэй уялдаад тэтгэвэр нэмэгдээд явах бололцоо бүрдэж байгаа юм. Манай ахмадуудын байнга хэлдэг нэг зүйл бол тэтгэврийн зөрүүний асуудал. 90 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хохироод, түүнээс хойш тэтгэвэрт гарсан нь хожиж үлдэж байгаа шударга бус тогтолцоо байгаа юм. Манай намын мөрийн хөтөлбөрт тэтгэврийн зөрүүг үе шаттай арилгана гэдэг зорилт орсон тухай уулзалтын үеэр хэлэхэд ахмадууд маань маш их баярлаж байгаа. Олон жил ярьж байсан тэтгэврийн зөрүү бага ч гэсэн арилах юм байна гэж. Тэтгэвэрт гарахаасаа өмнө насаараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж явсаар тэтгэвэрт гарахын өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг ахмадууд цөөнгүй. Ард нь үлдэж буй үр хүүхэд, гэр бүлд тухайн хүний төлж байсан нэрийн дансанд нь хуримтлагдсан нийгмийн даатгалын шимтгэлийг өвлүүлэх заалт мөн туссан байгаа.

Ахмад настны хуулиар сум бүр Ахмадын төвтэй байхыг хуульчилсан. Миний сонгогдсон 39-р тойргийн бүх сумд Ахмадын өргөөтэй. Үүнийгээ бусад бүх сумдад байгуулах зорилт тавьсан.

Манай Хөвсгөл аймаг үзэсгэлэнт байгальтай учир байгалийн сайханд  Ахмадуудын сувилал барих бүрэн бололцоо байна. Би Хөвсгөл нуурын эрэг дээр Ахмадын сувилал санаачлан бариулсан нь жилийн 4 улирал ажиллахаар болж байгаа. Галт сумын халуун усны рашаанаар ахмадууд маань үйлчлүүлж байна. Энэ мэтчилэн бүсчилсэн байдлаар Ахмадын сувилал барих бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Төвлөрлийг сааруулна гэдэг том асуудал байна. Сумдын иргэд бүгд Мөрөн эсвэл нийслэл рүү нүүчихэж болохгүй байх. Залуучуудаа орон нутагт нь тогтоохын тулд ямар бодлого баримтлаж байгаа вэ?

– Сумын залуус сумандаа, Мөрөнгийн залуус Мөрөндөө сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэй. Өнөөдөр сум орон нутагтаа нэгдүгээрт ажлын байртай, хоёрдугаарт орлоготой, гуравдугаарт тавлаг сайхан амьдрах байртай байя гэдэг хүсэл бий. Манай Хөвсгөл бусад аймагтай харьцуулахад тохилог байшинтай болох боломж ихтэй. Ой мод элбэгтэй учир модоор хямд өртөгтэй амины орон сууц барьж болно. Энэ боломжийг иргэддээ хүртээмжтэй хүргээд ипотекийн зээлд хамруулах бодлого баримталж байгаа юм.

Бид “Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөр хэрэгжүүлж эхний 50 айл нь дэд бүтэц буюу халуун хүйтэн ус, дулаан бохирын асуудлаа нэгдсэн байдлаар шийдээд явж байгаа. Нийслэлд анх удаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 250 айлд хэрэгжсэн төслийн жижигрүүлсэн хувилбар нь юм.

Одоо бид энэ төслөө 500, 1000 болгоод өргөтгөөд явх төлөвлөгөөтэй. Зургийн ажлыг нь хийлгэж байна. Хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Манай Мөрөнд 620 орчим гудамж байдаг. Гудамж гудамжаараа нэгдээд зохион байгуулалтад орох шаардлагатай. Эхний ээлжинд холбогдсон 50 айл өөрсдөө түрүүлж санаачлагаа гаргаад зургийн компанитай хамтран ажиллаж зураг төслөө хийлгэсэн учир өнөөдөр төсөл амжилттай хэрэгжсэн. Төсөл хэрэгжихээс өмнө 8 сая төгрөгийн үнэтэй байсан хашаа одоо  дэд бүтцэд холбогдсон учраас 30-40 сая төгрөгийн үнэ хүрсэн тухай иргэд ярьж байна. Манай Мөрөн сум 11 мянга гаруй өрхтэй. Өрх бүрт дэд бүтэц оруулах ажил өрнөөд эхлэхээр орон нутгийн компаниуд маань ажилтай болно. Дээр хэлсэн модны үйлдвэр ажиллаад эхлэхээр айл өрхийн боломжид тохирсон загварын байшингуудыг барьж болох жишээтэй. Амины орон сууцаа хашаандаа барихад 4-6 хувийн хүүтэй урьдчилгаа багатай зээл олговол орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэх юм. Мөрийн хөтөлбөрөө танилцуулаад иргэд маань их сайхан хүлээж авч байна.

Амины орон сууцны тухайд манай 39 дүгээр тойргийн  бүх сумд нэгдсэн халаалтад орчихсон. Үүний давуу тал нь хашаандаа орон сууцаа бариад сумандаа, Мөрөндөө сайхан амьдрах суурь дэд бүтэц бий болж байна гэсэн үг. Хамгийн чухал нь байгаль орчинд маш ээлтэй технологи. Хуучин нэгдсэн халаалтад ороогүй байхад 6000-аас дээш хүн амтай сум жилд бараг 1000 машин түлээ түлдэг байсан. Төр өөрөө байгалиа сүйтгэж байна гэсэн үг биз дээ. Нэгдсэн халаалт дэд бүтэц гэдэг иргэдэд ая тух авчрахаас гадна байгаль орчинд ээлтэй зөв шийдлүүд юм. 1000 машин түлээгээрээ залуучууд хашаагаа барьж, малчид нь өвөлжөө хаваржаагаа шинэчлэх гээд гарц зөндөө бий. Ойн түймрээс болж хичнээн мянган га мод устаж алга болж байна, хорхой шавьжнаас болж хэчнээн га ой сүйдэж байна. Тэгсэн мөртлөө  тухайн суманд модны хаяанд амьдарч байгаа иргэн нь ганц мод унагаад хашаа хороогоо сайжруулах боломжгүй амьдарч байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Иргэддээ тэгш боломж олгохын тулд л үүнийг дахин дахин яриад байгаа юм. Иргэд маань шударга ёсыг хүсч байгаа. Ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга ёсны өлсгөлөнг тэвчиж чадахгүй гэж тэд хэлдэг.

– Сумдад дэд бүтцээс гадна нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуулт гарч ирж байна?

– Сумандаа сайхан амьдрахын тулд ажилтай орлоготой байхаас гадна эрүүл, боловсролтой байх ёстой. Манай намын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотод амьдарч байгаа залуусаас дутахгүй орчинд сурч боловсрох, эмнэлгийн үйлчилгээг чанартай хүргэх талаар тусгасан. Үүний тулд “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” хэрэгжих юм.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг санаачилсан. Хөдөөгийн иргэд маань эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ 50 хувиар  хөнгөлүүлж 50 мянган төгрөг төлөөд 1,8 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авах боломжтой болсон.

“Элэг бүтэн Монгол хөтөлбөр” хэрэгжсэнээр бүх иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэг оношлогоонд хамруулах зорилт тавьж байгаа. Манай Монголчуудын дунд хавдрын өвчлөл их байна. Олон хүмүүс хайртай дотны хүнээ хавдар хэмээх аюулт өвчнөөр  алдаж байна шүү дээ. Хавдар туссан хүмүүсийн 70 гаруй хувь нь өвчнөө нэгэнт хожимдсон хойно мэдэж байна. Хэрэв урьдчилсан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдаад байвал өвчлөлийн тоо буурах юм. Монголчууд бид элэг бүтэн байх ёстой шүү дээ.

Мөн алслагдсан суманд болон нийслэлд сурч байгаа хүүхдүүдийн сурах орчин ижил байх ёстой. Тэгж байж “Оюунлаг Хөвсгөлчүүд” төрөн гарах юм.

– Биечилж уулзалт хийхээс гадна таны хэрэгжүүлсэн “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд сошиал орчинг сайн ашиглан иргэдт сонгогчидтойгоо уулзах боломтой болсон тухай та ярьж байсан. Энэ талаараа тодруулна уу?

– Би “Цахим Хөвсгөл“хөтөлбөр хэрэгжүүлсэндээ сэтгэл өндөр байгаа. Анх УИХ-ын гишүүн болсноос хойш энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай аймгийн бүх сумд шилэн кабельд холбогдож хөдөөгийн 88 багт гар утасны сүлжээ орчихсон бана. Ийм аймаг ховорхон шүү.

Одоо залуучууд маань “фейсбүүк ухна” гээд 3G сүлжээгээ 4G, 5G болгохыг хүсдэг болж. Цахим орчин хотоос дутахааргүй болсон. Хамгийн гол нь нийгмийн сүлжээнээс залуучууд хэрэгтэй мэдээллээ авдаг байгаасай гэж л боддог. Манай Хөвсгөлчүүд санаж байгаа бол энэ хаваржингаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарыг асуудлуудаар цахим уулзалтууд хийсэн.

Энэ удаагийн сонгуулийн онцлог цар тахалтай холбоотой хөл хорио ихтэй учир уулзалт хязгаарлагдмал болж байна. Би өөрөө нийгмийн сүлжээнд маш идэвхитэй хүн. Тиймээс өөрийн хөтөлдөг пейж хуудсандаа мөрийн хөтөлбөр, иргэдийн уулзалт, захиа даалгавар гэх мэт мэдээллээ байнга оруулж байна. Мөн надтай уулзаж амжаагүй иргэддээ зориулаад “чатбот” ажиллуулж байна. Миний пейж хуудсанд зочлон “чатбот”-оор саналаа хэлж байгаа олон иргэд бий. Сонгууль эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл “чатбот”-оор 4000 гаруй санал, хүсэлт ирчихсэн байна. Амьдрал ахуйтай нь холбоотой хувь хүний хүсэлт, санал багагүй ирсэн. Сонгуулийн хуулийн дагуу би иргэдийн хүсэлтийг гүйцээж янз бүрийн амлалт авч болохгүй. Сум орон нутгаа хөгжүүлэх, ажил хэрэгч саналууд хэдэн зуугаараа ирж байгааг харахад манай Хөвсгөлчүүд үнэхээр нийгмийн сүлжээнд соёлтой оролцдог болсон нь харагдаад байгаа юм. Тиймээс заавал нүүр тулсан уулзалтаас илүү цахим уулзалтуудыг хийх бүрэн боломжтой болжээ.

Уулзалтаас уулзалтад оролцож олон мянган иргэдтэйгээ хүчээ нэгтгэн хоймор нутгаа хөгжлийн хоймор болгохын төлөө хичээн ажиллах цаг болсон гэдгийг хэлж явна даа.

ШИНЭ МЭДЭЭ