МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Л.Энх-Амгалан: Ард түмний хяналтын
2020.02.24
Улстөр

​Л.Энх-Амгалан: Ард түмний хяналтын 'хоточ нохой' нь Төрийн аудит байх ёстой

Сэтгүүлч Лхагважаргал ОДОНЧИМЭГ

УИХ-ын  дэд дарга Л.Энх-Амгалантай Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцлаа. Тэрээр төсөл санаачлагч гишүүдийн нэг юм.

-Төрийн аудитын тухай хуулийг заавал шинэчилж найруулахын гол зорилго юу байв?

-Төрийн аудитын тухай хуулийг шинэчилж батлах нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үргэлжлэл. Хэрвээ Төрийн аудитын хараат бус байдлыг хангасан эрхзүйн шинэ орчинтой болохгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт дутуу болно. Яланугяа байгалийн баялаг нийтийн өмч байх Үндсэн хуулийн заалт тунхаг болж үлдэнэ. Яагаад гэвэл, Монголд өнөөдөр баян, ядуугийн ялгаа асар их болсон. Гурван хүн тутмын нэг нь ядуу, хоёр хүн тутмын нэг нь халамжаараа амьдардаг халамжийн улс болсон. Ядуурлаас гадна шударга ёс алдагдсан. Нэг хэсэг нь хуулийн дээр, нөгөө хэсэг нь хуулийн дор гэж алагчилсан нийгэмд бид амьдарч байна. Ходоодны өлсөгөлөн нь хувь хүний асуудал байж болно. Харин шударга ёсны өлсгөлөн бол нийгмийн, нийт иргэдийн асуудал. Тийм учраас ходоодны өлсгөлөнгөөс шударга ёсны өлсгөлөн хамгийн хэцүү. Нийгэм удаан тэвчихгүй. Энэ бүхнийг бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засахыг, шийдэхийг хичээсэн. Тухайлбал, монгол хүн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломжийг бүрдүүлсэн. Иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнийг баялаг нь нийтийн өмч байхаар өөрчилсөн. Гучин жил яриад хийж чадаагүй Баялгийн сангаа хуульчилж, иргэдэд тэгш хуваарилдаг, ашиг нь арвиждаг байхаар болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтийн эдгээр үзэл санаа, заалтыг  хоосон тунхаг болгохгүй, өмнөх 30 жилийн алдааг давтахгүйн тулд Төрийн аудитын тухай хуулийг цогцоор нь шинэчилж, хараат бус байдлыг нь Үндсэн хуулиар хамгаалах шаардлагатай. Энэ нь Төрийн аудитын байгууллагыг статусын хувьд Үндсэн хуулийн байгууллага болгож, хараат бус байдлыг нь  Үндсэн хуулийн хамгаалалтад авахаас эхэлнэ. Манай улс парламентын засаглалтай. Парламентын засаглалын гүйцэтгэх засаглалд тавьж байгаа хяналт нь Төрийн аудитын байгууллагаар дамжиж явах ёстой. Өөрөөр хэлбэл, парламентын хяналтын, нийтийн өмч, улсын төсвийн хяналтын “хоточ нохой” нь Төрийн аудитын байгууллага байх ёстой. Шинэчилсэн найруулгын амин сүнс нь энэ.

 -Тухайлбал, Аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахын тулд ямар, ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-Тухайн улсын Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хэмждэг хэд хэдэн хэмжүүр байдаг. Нэгд, Аудитын байгууллага нь удирдлагын хувьд хараат бус байх ёстой. Хоёрт, боловсон хүчин, хүний нөөцийн хувьд хараат бус байх ёстой. Гуравт, санхүүгийн хараат бус байх ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Ерөнхий аудиторыг зургаан жилээр томилдог. 2003 оноос мөрдөж эхэлсэн хууль. Зүй нь, 2003 оноос хойш 6 жилийн бүрэн эрх гэвэл өнөөдрийг хүртэл гурван л Ерөнхий аудитор ажиллах хугацаа. Гэтэл дөрвөн аудитор ажилласан байна. Үүний нэг нь л зургаан жилийн бүрэн эрхээ дуусгасан. Нөгөө, гурван аудиторын ажилласан дундаж хугацаа 2.6 жил. Шалтгаан нь ерөнхийдөө улс төрөөс үүдэлтэй. Засгийн газруудыг ойр, ойрхон,  1.8 жил ажиллуулаад огцруулдагтай адил Ерөнхий аудиторыг мөн ойр ойрхон огцруулах нь ард түмний өмчийг эзэнгүйдүүлэх, эзэнгүй өмчийг хулгайлах боломжтой болгох, үнэгүйдүүлэх зэрэг улс төрийн ашиг сонирхолтой холбоотой. Түрүүн би, Төрийн аудит бол ард түмний, төрийн өмчийг манах, хянах “парламентын хоточ нохой” гэсэн дээ. Тэгвэл манаачгүй, хоточ нохойгүй хашаанд дуртай нь орж, дуртай өмчөө хулгайлах боломжтой болно. Ард түмний өмч эзэнгүй, манаачгүй, хяналтгүй нэг өдөр ч байж болохгүй, тийм байлгахгүй гэдэг үүднээс Төрийн аудитын хараат бус байдлыг хангаасай. Хэрвээ бид Төрийн аудитынхаа хараат бус байдлыг хангаж чадахгүй бол байгалийн баялгаасаа иргэддээ шударгаар ашиг хүртээнэ гэж байхгүй. Цэнхэр, ягаан тасалбараар явсан хуудуутай хувьчлалын түүх л давтагдана. 1990-ээд оны үед Үндэсний аудитын газар гэж байхгүй, төрийн өмч ямар ч эзэнгүй хяналтгүй байх сиймхийгээр улсын олон үйлдвэр хувьчлагдаж, тухайн үедээ мэдээлэлд ойр, овсгоотой сүйхээтэй хэсэг нь өмчтэй болж амжсан. Ард түмэн хоосон хоцорсон. Өөрөөр хэлбэл, цэнхэр ягаан тасалбараар хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хулгай хийсэн нь хожиж, шударга явсан нь хохирч үлдсэн гашуун сургамж бидэнд бий. Энэ түүхийг давтаж болохгүй. Сүүлийн үеийн бэлээхэн жишээ ч байна. Жишээ нь, “Эрдэнэс-Тавантолгой”-гоос Монгол Улсын иргэн бүр шахуу 1072 хувьцаа эзэмшдэг. Гэтэл хувьцаа эзэмшиж эхэлснээс хойш 10 жил явж байж өнөөдөр анх удаа 96 мянган төгрөгийн ноогдол ашиг хуваарилах гэж байна. Бүхэл бүтэн 10 жилийн турш ноогдол ашиг тараадаггүй хувьцаат компани гэж дэлхийн түүхэнд байхгүй. Гэтэл хувьцаа тараагаагүй энэ 10 жилд “Эрдэнэс-Тавантолгой”-д юу юу болсон, хэдэн захирал нь хуулийн байгууллагыг хаалга татсан хэн гэдэг улстөрч хэдэн төгрөгийн бараа материалыг хэд нугалж шахсан гээд асар олон мэдээ, мэдээлэл хэвлэлээр гардаг. Иргэдэд очих ёстой ноогдол ашгийн олон зуун тэрбум төгрөг овоолсон шороо төдий болчихсоныг өнөөдөр хянаж тогтоож, хариуцлага тооцож байгаа юм алга.   Энэ бүхнийг Төрийн аудит ороод шалгах эрхгүй, шалгая гэхээр Сангийн яамнаас хүсэл зоригийг нь мохоож зогсоодог, эсвэл аудитын удирдлагыг нь огцруулчихдаг. Эсвэл “Эрдэнэс-Тавантолгой” өөрөө хувийн аудитын байгууллагаар захиалга өгөөд хүссэн дүгнэлтээ гаргуулдаг. Энэ бүх байдлыг, булхай луйврыг одоо цэгцэлж, ард түмний өмчийг хянаж, иргэддээ шударга хуваарилах үүргээ төр биелүүлэх цаг нь болсон. Төр энэ үүргээ Төрийн аудитын байгууллагаар дамжуулж хэрэгжүүлнэ. Үүний тулд Төрийн аудит нь удирдлага, санхүү, боловсон хүчний хувьд аль нэгэн улс төрийн нам, эдийн засаг бизнесийн ямар нэгэн бүлэглээс хараат бус байх, энэ байдал нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой юм.

-Жишээ нь, Оюутолгой, газрын тосны үйлдвэр, Хөшгийн хөндий гээд томоохон төслүүдэд Төрийн аудитаас илүү өргөн хүрээнд хяналт, шалгалт хийх, дүгнэлт гаргах боломж нь өмнөх хуулиас илүүтэй нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Нэгд, тийм. Хоёрт, үйл ажиллагаа, хяналт, дүгнэлт гээд бүх процесс нь хараат бус байх баталгаа нь нэмэгдэнэ. Хараат бусаар ажилласан, хараат бусаар гаргасан шийдвэр нь шударга байна. Өмнө нь төрийн өмчит компаниуд хувийн аудитын байгууллагыг өөрсдөө сонгоод өөрсдөө мөнгөө төлөөд аудит хийлгэдэг. Нэг ёсондоо захиалгат аудитаар захиалгат буюу хүссэн дүгнэлтээ гаргуулдаг байсан. Одоо тэгэхгүй, ард түмний нийгмийн өмчийг зөвхөн төр аудитаар хянана.  Газрын тосны эрхлэх асуудал, Хятадын хөрөнгө оруулалттай зарим ажил, нисэх буудлын Хөшигийн хөндий гэх мэт газруудад Төрийн аудитаас аудит хийж чаддаггүй байсан. Ийм хуулийн зохицуулалт байхгүй учраас Монгол Улсаас хэдий хэмжээний газрын тос, байгалийн баялаг, бүтээгдэхүүн БНХАУ руу гарч байдаг нь тодорхойгүй, тэнд хэн хяналт тавьдаг нь ойлгомжгүй, мэдээлэл нь үнэн зөв үү гэдэг эргэлзээтэй байсан. Одоо шинэ хуулиар энэ бүхэн өөрчлөгдөж байгаа. Үүн шиг  “Байгалийн баялаг төрийн өмч” нэрийн дор Монголын хэчнээн их баялаг Монголын ард түмэнд өгөөжгүйгээр гадагш гарсныг, монголчуудад ашиггүй болсон олон орд газрын жишээг нэрлэж болно. Жишээ нь, энгийн нэг иргэн 1072 хувьцаандаа ноогдол ашиг авч чадахгүй байгаатай адил Монгол Улс  Оюутолгойн ордоосоо  34 хувьдаа ноогдол ашиг авч чадахгүй 10 жил боллоо. Одоо бүр 2037 онооос наашгүй болж байх шиг байна.  Хариуцлагагүй улстөрчдийн балгаар улс ноогдол ашгаа, бүр татвараа ч бүрэн авч чадахгүй сууж байна. Эсрэгээрээ “Дубайн гэрээ”-ээс болоод бараг 1.6 орчим тэрбум долларын өртэй болж хоцрох шинжтэй боллоо. Энэ бол Монголын ард түмэн баялагтаа эзэн байж чаддаггүй, ард түмнийхээ баялгийг төр нь манах, хянах, үр ашигтайгаар ашигалах үүргээ биелүүлж чаддаггүйн бодит жишээ. Энэ бүхнийг засаж залруулах гол байгууллага нь Төрийн аудит.  

-УИХ-аас илүү эрх мэдэлтэй Ерөнхий аудитортой болох гэж байгаа талаар гишүүд хэлж байсан. Ерөнхий аудиторыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, унаа, биед нь үзлэг нэгжлэг хийх, хураан авах үйл ажиллагаа явуулах, мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэсэн заалт байгааг гишүүд шүүмжлээд байгаа. Хуульд ийм өөрчлөлт хийснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа юм бэ?

-Одоо мөрдөж байгаа хуульд Ерөнхий аудиторыг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа, биед нэгжлэг хийх гээд энэ бүх эрхийг хамгаалсан байгаа. Нэмэгдсэн зүйл бол мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэж заасан. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засаад явж болох байх. Гэхдээ би энэ өнцгийг арай өөрөөр харж байгаа. Төрийн аудитын байгууллага, Ерөнхий аудитор нь ялангуяа улс төрөөс хараат бус ажиллах эрхзүйн орчин баталгааг төрөөс хангах нь хамгаас чухал. Түүнээс бус, УИХ-ын гишүүнээс давуу эрхтэй болчих гээд байна гэдэг хандлагаар шударга ажиллах ёстой албан тушаалтныхаа статусыг дордуулж болохгүй. Харин Ерөнхий аудитор нь хуулиас давуу эрх эдлэх гээд байна уу, үгүй юү гэдэг дээр санаа оноо ярьж болох байх. Өнөөдөр Монголд хамгийн том эрх мэдэлтэй, хамгийн мундаг хуулийн хамгаалалттай нь УИХ-ын гишүүн л байх ёстой гэж үзээд бүгдийг УИХ-ын гишүүний давуу эрхээс доогуур эрэмбэлэх гэх нь буруу хандлага. Хэрвээ үнэхээр л хуулийн хүрээнд шударга ажиллуулъя гэвэл Ерөнхий аудиторын хамгаалагдсан эрх нь  УИХ-ын гишүүнийхээс илүү биш юмаа гэхэд ижил байж болно.  Олон улсад барьж байгаа зарчим бол ЛИМА гэж тунхаг бичиг байдаг юм билээ. Тэр тунхаг бичигт ард түмний өмчийг хянах байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгож, Үндсэн хуулийн байгууллагынхаа хараат бус байдлыг нь хангаж өгөх ёстой гэсэн зөвлөмжүүдийг өгдөг юм билээ. Дэлхийн 70 гаруй улс, орон Үндэсний аудитын байгууллагаа Үндсэн хуулийн байгууллага болгосон байдаг юм байна. Манай улс шиг Сангийн яамны үүд сахиад сууж байдаг Төрийн аудиттай байдаггүй юм байна.

-Хуулийн байгууллага дээр аудитын дүгнэлт дандаа хэлбэлздэг, өөрчлөгддөг гэдэг. Төрийн аудит байхад хувийн шинжээч ашигладаг байдлыг өөрчилсөн үү?

-Төрийн аудитын албан шаардлага, төлбөрийн акт нь заавал биелэгдэх эрх зүйн орчныг тодорхой болгож өгсөн. Мөн аудит хийх явцад гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, эрүүгийн хэрэг үүсгүүлэх боломжтой болгож байгаа. Өмнө нь ийм эрх аудитад байгаагүй. Аудитын дүгнэлтийг зайлшгүй биш юм шиг, хүсвэл эрүүгийн хэрэг үүсгэдэг, хүсэхгүй бол орхидог байсан бол одоо Ерөнхий аудитор прокурорт мэдэгдсэнээр хэрэг үүсгээд хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар прокурор эргээд Ерөнхий аудиторт мэдэгддэг байх зохицуулалт хийсэн. Мөн төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг хэрхэн яаж төлүүлэх вэ гэдэг дээр маш тодорхой заалт оруулсан.

ШИНЭ МЭДЭЭ