Төрийн аудитын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүллээ
2020.05.05
Эдийн засаг, Худалдаа

Төрийн аудитын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүллээ

Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудитын тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 10 удаа нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулах явцад анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагдсан.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж нэмсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас 2020 оны 02 дугаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох.” гэсэн үзэл баримтлалын чиглэл баримтлахаар тусгасан.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд “Төрийн аудитын тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн төслийг боловсруулан, 2020 оны 05 дугаар сарын 1-ний өдөр УИХ-аар батлаад байна.

Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулжээ. Хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг шинээр тусгалаа.

Үүнд:

  1. Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг тусгаж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх эрх зүйн орчин бүрдэнэ;
  2. Нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлага сайжрах үндэс бүрдэнэ;
  3. Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам тодорхой болж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн боловсруулсан;
  4. Аудитын төлөвлөлт, төлөвлөгөөт бус аудит хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
  5. Төрийн аудитын байгууллага үр дүнтэй, үр ашигтай аудит хийх шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
  6. Төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ мэдээллээр бүрэн хангагдах зарчим тодорхой болж, шалгагдагч этгээдийн ажлын байр болон бусад холбогдох газарт ажлын цагаар саадгүй нэвтрэн орох, ажиллах, бүртгэл, тооллого хийх, мэдээлэл, баримт бичиг, бусад эд зүйлстэй үнэ төлбөргүй танилцах; шалгагдагч этгээдийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн санд нэвтрэх, цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, хүлээсэн авсан мэдээлэлтэй танилцах; тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж хариулт авах, хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ;
  7. Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар өгсөн албан шаардлага, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, төрийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн тохиолдолд тогтоосон төлбөрийн акт биелэгдэх эрх зүйн орчин тодорхой болно;
  8. Төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжийг бий болгож, төрийн аудитын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үйл ажиллагаа сайжирна;
  9. Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, хуульд зааснаас бусад үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилох хууль зүйн баталгаа тодорхой болно;
  10. Төрийн аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
  11. Төрийн аудитын байгууллагын төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэхэд хүрэлцээтэй байх эдийн засгийн баталгаа, албан хаагчдын нийгмийн баталгаатай холбогдсон харилцаа тодорхой болно;
  12. Нийтийн өмч, төсвийг ашиглах, зарцуулахдаа сахилга бат алдсан албан хаагчид хариуцлага тооцох механизм тодорхой болно.

Хууль батлагдсанаар, Төрийн аудитын байгууллагын шалгах ажлыг үр дүнтэй, хараат бус, бие даасан, хууль зүй, эдийн засаг, хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх баталгааг хангаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан багасах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болно. Ингэснээр, төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэж байна.

Ц.Соёлмаа

ШИНЭ МЭДЭЭ