http 6
Ний нуугүй хэлэхэд эрүүл мэндийн салбар уначихлаа
2015.11.20
Улстөр

Ний нуугүй хэлэхэд эрүүл мэндийн салбар уначихлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүд   уг хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хууль батлагдсанаар иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай авахад ач холбогдолтой. Салбар хариуцсан сайдгүй, төрийн нарийн бичиг байхгүй зэрэг хууль бусаар томилогдсон хүмүүс энд сууж байна. Хуулийн дагуу болгосны дараа энэ асуудлыг оруулж ирж болохгүй юм уу. Ний нуугүй хэлэхэд эрүүл мэндийн салбар уначихлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнгөрсөн жил Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Энэ хуулиар аль болох хэвтэн эмчлүүлэхгүй байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагааг нь дэмжсэн. Хэрэв тэгвэл ЭМД-ын сангаас нөхөн олговрыг олгохоор заасан.  Гэтэл энэ хуулийн үр дагавар яагаад гарахгүй байна вэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Энэ хууль маш чухал. Хуулийн дотоод заалтуудыг харахад зохион байгуулалт, бүтэц, үйлчилгээтэй холбоотой олон зүйл оруулжээ. Хууль хэрэгжсэнээр улсын төсөв одоогийн байгаа эмнэлгийн хүрэлцээнд ямар хэмжээний шаардлага гарах вэ” гэдэг асуултыг асуусан юм.

Харин УИХ-ын Л.Энх-Амгалан “ Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль илүү нэгдсэн эмнэлгүүдэд зориулагдсан хууль юм биш үү. Өрхийн эмнэлгийн статусын асуудлууд, удирдлага менежмент санхүүжилтийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг цаг алдалгүйгээр батлах ёстой. Яаралтай энэ асуудлыг баталж өгөөч” гэлээ.

УИХ-ын хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал хурааж гишүүдийн 97 хувь нь дэмжсэнээр тус хуулийг хэлэлцэхээр боллоо.

 

 

ШИНЭ МЭДЭЭ