http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гурван сонгууль дамжихаар сайн хуулийг батлах хэрэгтэй байна
2015.11.20
Улстөр

Гурван сонгууль дамжихаар сайн хуулийг батлах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 86 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн.

Мөн УИХ-ын гишүүн Су.Батболд нарын мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 92 хувь дэмжсэн бол О.Баасанхүү нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 58 хувь нь дэмжиж, хэлэлцэхээр боллоо.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын боловсруулж өргөн мэдүүлсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн гишүүдийн 90 хувийн дэмжлэг хүлээсэн. Ингэснээр дээрх дөрвөн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Чуулганы үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулиа өөрчилнө гэдэг. Хуулиуд тогтвортой байх ёстой. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг нийцүүлж сонгуулийн хуулийг өөрчилж байна гэж үзэж байгаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ямар шаардлагатай вэ. Улс төрийн намын тухай хууль маш чухал. Гэтэл энэ хууль хаана байна вэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тодорхой хэмжээгээр санал оруулахаар нэгдсэнд их баяртай байгаа хэдий ч Үндсэн хуулиндаа нийцүүлж өөрчлөлт хийх хэрэгтэй. Намын нэрийг биш, намын нэрээр орж ирсэн хүнийг сонгох ёстой. 25 жил парламентэд суусан нам, 2,3 сарын өмнө бүртгүүлсэн нам хоёр сонгуульд өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг. Үндсэн хуулинд сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалт бий. Тиймээс сонгогдох эрхийг нь хангаж өгөх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Сонгуулийн хуулийг дэмжиж байна. Сонгууль болгоны өмнө хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа. Гэхдээ бид гурван сонгууль дамжихаар сайн хуулийг баталж гаргамаар байна. Намууд сонгуулийн хуульд хэр ач холбогдол өгч байгаа  нь харагдаж байгаа хэдий ч сайн ярилцаж сайн хуулийг гаргах хэрэгтэй гэлээ.

Харин  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хар машины асуудал их маргаан дагуулдаг. Хэрэв боломжтой бол хар машиныг халах эсвэл гараар давхар тоолох хэрэгтэй. Ил тод байж  дараа нь маргаан гаргахгүй байхаар сонгуулийн хуулиа иж бүрэн өөрчлөх нь зүйтэй болов уу. Мөн намын жагсаалтаар сонгох асуудал иргэд их дургүйцэж байгаа. Энэ асуудалд нилээн анхаарах хэрэгтэй байх” гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ