http 6
Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо
Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо
2014.04.10
Гадаад харилцаа

Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.09/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Хуралдааны эхэнд Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлаас Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байсан ч асуудлыг бүлгийн хурал дээр тодорхой ярилцаж амжаагүй байгаа тул хугацааг түр хойшлуулах Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын тухай мэдээллийг сонслоо. Мэдээллийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар танилцуулав

Элчин сайдын мэдээлэлд дурдагдсанаар, “Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоогоод 40 жил болж байна. Монгол, Японы эдийн засгийн харилцаа 1990-ээд оноос 20 гаруй жилийн хугацаанд Японы Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд голчлон өрнөж ирсэн бөгөөд худалдаа, бизнесийн харилцаа төдийлөн өргөн биш байв.

2010-аад оноос эхлэн манай улсын эдийн засаг тэлж, эрчимтэй өсч эхэлснээр Япон дахь манай улсын талаарх сонирхол өсч, жил ирэх тутам эдийн засгийн харилцаа өргөжих хандлагатай болж ирсэн. Гэсэн хэдий ч энэ хандлага эдийн засгийн бодит үзүүлэлтүүд дээр, тухайлбал худалдаа, хөрөнгө оруулалтын тоо хэмжээн дээр бодитооор илрэх хараахан болоогүй байна.

Япон Улс эдүгээ манай улсад хөрөнгө оруулагчдын дотор 11 дүгээрт жагсаж, манай улс экспортынхоо ердөө 0,2 хувийг Японд гаргаж, нийт импортын 7 хувийг Японоос оруулж байгаа нь чамлалттай байна. Гэвч энэ тоог ойрын жилүүдэд эдийн засгийн талаар дорвитой хамтран ажиллаж чадвал өсгөх боломж их байна.

Ер нь Японы гадаад бодлого дахь Монгол Улсын байр суурь, геополитикийн ач холбогдол сүүлийн үед ихээхэн өсч байна. Мөн манай улсын эдийн засаг тэлж, улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүд ойрын жилүүдэд хэрэгжихээр байгаа нь абэномиксийн өсөлтийн стратеги, түүний дотор дэд бүтцийн экспортын бодлоготой уялдан нийцэж байгаа юм.

Мэдээллийг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар танилцуулав

Японы талын энэхүү сонирхлыг бодит хамтын ажиллагаанд хүргэх, улс орны хөгжилд нэн чухал ач холбогдол бүхий төслүүдээс заримыг нь “гуравдагч хөрш” Японтой хамтран хэрэгжүүлэх нь манай улсын хувьд улс төр, гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдлын тэнцвэрийг хангаж, чанартай шинэ технологи нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой байна.

Эхний ээлжинд Японд их хэмжээний нүүрсийг урт хугацаанд, тогтвортой нийлүүлэх асуудлаар хамтран ажиллаж, тохиролцох шаардлага бий. Японы тал Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн. Хэрэв Тавантолгойн ордтой холбоотой бол төмөр зам, эрчим хүчний төслүүдэд ч оролцох сонирхол байгаагаа мөн хэлж байгаа. Манай талаас Тавантолгойн тендер, түүнд оролцох хувь хэмжээ гэж ярихын өмнө дэд бүтэц, бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй байгаа. Ингэхдээ Тавантолгойн ордыг тойрсон автозам, төмөр зам, ДЦС гээд дэд бүтцийг барьж байгуулахад Японы оролцоо чухал болохыг тайлбарлан хэлж байгаа.

Японы Засгийн газар манай эрдэс баялгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байна. Тухайлбал, 2013 онд Нүүрсний салбарын мастер төлөвлөгөөг боловсруулж дуусаад байна. Энэ оны 2 дугаар сараас зэсийн талаарх судалгааг манай УУЯ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Нүүрсийг хуурай аргаар олборлох технологи, семикоксон брикет үйлдвэрлэх технологийг манайд нэвтрүүлэхтэй холбоотой судалгааны төслүүдийг хоёр тал хамтран хэрэгжүүлж байна.

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ 2012 онд эхэлсэн, эдүгээ 5 шатны яриа хэлэлцээ явагдаад байна. Энэ оны 4 дүгээр сард 6 дугаар шатны яриа хэлэлцээ болох төлөвтэй байна. Яриа хэлэлцээ амжилттай явагдвал энэ оны сүүлийн хагаст ЭЗТХ-ийг тохиролцох боломж харагдаж байна. Энэхүү хэлэлцээр нь дан ганц тариф, худалдааны бэрхшээлийг арилгахад бус бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын нөхцлийг сайжруулахад чиглэж байна.

Манай хоёр улс 2013 онд нийт 454 сая 655 мянган ам.долларын худалдаа хийснээс экспорт 10 сая 530 мянган ам.доллар, импорт 444 сая 120 мянган ам.доллар байв. Япон Улстай хийсэн нийт худалдааны хэмжээгээр БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа 5 дугаарт орж байна. Монгол Улс 2013 онд нийт 372 сая 982 мянган ам.долларын суудлын автомашин импортолсноос 77,9 хувийг нь Япон Улсаас оруулж иржээ. Худалдааныалдагдал урьдын адил өндөр байна.

Худалдааг өсгөх чиглэлд дорвитой ахиц гарахгүй байна. Энэ нь юуны өмнө манай бараа бүтээгдэхүүний Японы зах зээл дээрх өрсөлдөх чадвар сул, хүнсний бүтээгдэхүүний хувьд Японы хорио цээрийн журам хатуу, нарийн зэрэгтэй холбоотой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар манай экспортын бараа бүтээгдэхүүний тариф буурах нөхцөл бүрдэнэ. Мөн энэхүү хэлэлцээрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх, тарифын бус саад тотгорыг арилгах асуудлаарх хоёр талын уулзалт, яриа тогтмолжих орчин бүрдэнэ.

1990 оноос Япон Улсаас нийт 530 гаруй компаний 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт манай улсад хийсэн байна. Япон Улс манай улсад хөрөнгө оруулагчдын 10 дугаарт жагсаж байна” гэлээ.

Манай хоёр улс 2013 онд нийт 454 сая 655 мянган ам.долларын худалдаа хийснээс экспорт 10 сая 530 мянган ам.доллар, импорт 444 сая 120 мянган ам.доллар байв.

Элчин сайд С.Хүрэлбаатар мэдээллийнхээ дараа Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх чиглэлд ойрын үед манай талаас авч хэрэгжүүлэх шаардлагатай алхам, ажлууд нэлээд байгааг дуулгасан юм. Үүнд:

-Дунд хугацааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад онцгой анхаарах,

-Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангахад ойрын жилүүдэд дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт мегатөслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Эдгээр төслийг санхүүжүүлэхэд Японы хөрөнгө мөнгө, технологи, ноу-хау-г идэвхтэй авч ашиглах боломж нээлтэй байна.

-Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлага өсөн нэмэгдэж байна.

-Монгол, Японы худалдаанд тээврийн таагүй нөхцөл, өндөр өртөг бодит саад тотгор учруулж байна. ЗХА-ийн бүс нутагт тээврийн 10 коридорыг хөгжүүлэх үзэл санаа 10 гаруй жилийн өмнө гарч, эдүгээ манай улсаар дамжиж буй коридороос бусад чиглэл бүрт их, бага хэмжээний ахиц гарсаар байна. Энэ талаарх мэдээллийн санг бүрдүүлж, цогц судалгаа хийж, улмаар хоёр хөрштэйгээ транзит тээврийн асуудлаарх яриа хэлэлцээг эрчимжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.

-Японд 2020 онд Олимп болохтой холбогдуулан барилгын салбарын боловсон хүчин нэлээд шаардлагатай байгаа. Үүнтэй уялдуулан Монголоос барилгын чиглэлд Японд боловсон хүчин дадлагажуулж бэлтгэх асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байгааг хэллээ.

Мөн тэрээр, Элчин сайдын яамны барилгыг шинэчилж барих шаардлагатай байгааг дуулгасан юм. Төсөв муу байгааг ойлгож байна. Гэхдээ байгаа байдлыг ярихгүй бол маш хүнд байгаа. 40 жил болж байгаа барилга удаа дараагийн газар хөдлөлтөд цууралт үүссэн, сантехникийн хувьд маш муудсан.

Японд газар хөдлөлтийн стандараа дөрвөн удаа өөрчилсөн ч манай Элчин сайдын байр хуучин хэвээр байгаа бөгөөд 10 жилийн өмнө акт тавигдсан. 9 балл хүртэл хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд үүнийг дагаад цунами үүснэ. Үүнийг яаж давж гарах бэлтгэл ажлыг Япон даяар хийж байна. Энэ бэлтгэл ажлын хүрээнд Японд байгаа гадаадын Элчин сайдын яамдад мэдэгдэл өгдөг гэсэн тайлбарыг хийсэн юм.

Элчин сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, С.Одонтуяа нар асуулт асууж хариулт авсны дараа хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Байнгын хорооноос Гадаад харилцааны яаманд тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгөх шийдвэрийн талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар танилцууллаа

ШИНЭ МЭДЭЭ