НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргатай уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлаар санал солилцов
2023.06.13

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргатай уур амьсгалын өөрчлөлт болон бусад асуудлаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар Илүү сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сангийн тэргүүн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэмсэг ноён Бан Ги Мун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Бан Ги Мун Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, ногоон эдийн засгийг дэмжих зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн манлайлал, тэр дундаа парламентын оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нийслэл хотод сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 хүртэл хувиар бууруулсан.

Түүнчлэн олон жилийн турш хийсэн судалгааны үр дүнд үндэслэн дэлхийн жишигт нийцсэн, тогтвортой, ногоон, ухаалаг “Шинэ Хар Хорум” нийслэлийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар сонордуулав.