Ж.Бат-Эрдэнэ: Манай улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани байна
2023.04.26

Ж.Бат-Эрдэнэ: Манай улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч дөрвөн компани байна

Зах зээлийн өнөө үед төмөр замын салбар өндөр хөгжих боломж нээгдсэн. Тийм учраас 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуулийг өөрчилж шинэчилсэн найруулга хийгээд байна.

Төмөр замын аж ахуйн нэгжүүдийг суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн буюу тээвэрлэгч гэсэн хоёр байдлаар салгаж хуулийн төсөлд тусгаж өгсөн. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв болсон байна.

Тиймээс суурь бүтэц эзэмшигчдийн хоорондын харилцааг зохицуулах, зах зээлийн зарчимд суурилсан тэгш харилцаа, шударга өрсөлдөөнийг бий болгох зэрэг томоохон зохицуулалт орсон. Мөн төмөр замтай холбоотой бүхий л үйлчилгээнд хамаарах тарифын зөвлөл байгуулагдахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тус зөвлөл зах зээлийн нөхцөл байдлын судалгаа хийж дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнээс гадна төмөр замыг концессоор барих боломжийг уг хуулийн төслөөр нээж өгсөн хэмээн дээрх хуулийн төслийн ажлын хэсгийг ахлаж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Манай улсын хэмжээнд нийт 12291 хөдлөх бүрэлдэхүүн байгаагаас хувийн хэвшилд 5884 вагон, 31 зүтгүүр, Улаанбаатар төмөр замд 3201 вагон, 193 зүтгүүр, Төрийн өмчийн компанид 466 вагон, 29 зүтгүүр, бусад зориулалттай /цистерн, битүү, дозатор, ледник, думпкар, хоппер, тоноглосон/ 2230 вагон бүртгэлтэй. Нийтдээ 11781 вагон, 184 зүтгүүр, 69 төмөр замын машин механизм бүртгэлтэй байдаг аж.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn