2023.04.06

Ц.Сэргэлэн: Төмөр замын тусгай бүс, зурвас газарт газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн  Ц.Сэргэлэн:

Тус хуулийн төсөлд “Хилийн бүсэд төмөр замын суурь бүс барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх” гэсэн байна. Үүн дээр алдаа байна. Хилийн бүс, хилийн зурвас хэмээн ангилдаг. Тэгэхээр хилийн бүс гээд таслал тавиад, зурвас хэмээн оруулбал зөв болно. Учир нь улсын хилийн шугамаас 15км-ээс илүүгүй газрыг “хилийн зурвас”, 100км-ээс дотогш газрыг "хилийн бүс" гэдэг. Та бүхэн “зурвас”-аа хаячихсан байна. Энэ нь тусгай дэглэм тогтоосон газар бөгөөд үүнд ямар нэг үйл ажиллагаа явуулахад зөвхөн Засгийн газар зөвшөөрөл өгдөг зохицуулалттай.

Хуулийн төслийн 16, 17, 18-дугаар зүйл дээр төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалттай бүс гэсэн байна. Эл газрууд нь өмчилж эсвэл эзэмшиж болохгүй газар байдаг. Энэ заалтын аль нэг дээр нь энэ газруудыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалт байх ёстой.  Төмөр замын тусгай бүс, төмөр замын зурвас газар, төмөр замын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх болон өмчлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг хуульд заавал суулгаж өгөх ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байна. Анхааралдаа авна уу?

Түүний асуултад тус ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хариулт өглөө.