С.Бямбацогт: Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцны тийзний үнэ 1.2 сая төгрөг болж буурсан
2023.03.20

С.Бямбацогт: Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцны тийзний үнэ 1.2 сая төгрөг болж буурсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс иргэний нисэхийн навигацийн орлогыг тодруулахын зэрэгцээ олон улсын болон дотоодын нислэгийн тийзний үнэ, тарифыг хямдруулах асуудлын хэрэгжилтийн талаар илүүтэй тодруулсан.

С.Бямбацогт "Иргэний нисэхийн навигацийн орлого буурсан. 2019 оны эхний хоёр сард улсын төсөвт навигацийн орлого 21 тэрбум төгрөг орж байсан бол 2023 оны эхний хоёр сарын байдлаар зургаан тэрбум төгрөгөөр буурсан. 2022 онд улсын төсөвт навигацийн орлого 100 гаруй тэрбум төгрөг орсон бол 2019 онд 300 тэрбум төгрөг орж байсан. Навигацийн орлого буурсан шалтгаан нь ОХУ, Укрианы дайнаас үүдэн Монгол Улс дээгүүр нисдэг нислэгийн тоо огцом буурсантай холбоотой" гэв.

Мөн тэрбээр, олон улсын онгоцны тийзний үнэ нэлээдгүй буурсан. Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоцны тийзний үнэ 2 сая 500 мянган төгрөг байсан бол 1 сая 200 мянган төгрөг болж буурсан байх жишээтэй. Дотоод нислэгийн үнэ буурахгүй  байгаа. Тийзний үнийг бууруулах талаар УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхээр Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам анхаарч, ажиллаж байна хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.