
Х.Булгантуяа: Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
Энэ жил Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жил тохиож байна. Энэ салбар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисгэгч, инженер техникч зэрэг мэргэжлийн боловсон хүчинтэй болсны үр дүнд манай онгоц дэлхийн олон оронд нисэж, бид ч тэднийг эх орондоо хүлээж авдаг болсон.
Мөн түүнчлэн, Өмнөд Солонгос, Хятад, Тайланд зэрэг олон орны авиа компанийн онгоцыг манай инженер, техникчид эх орондоо засвар үйлчилгээг нь хийж, жилд 7-10 сая ам.долларын орлого олж байна. Энэ бол монгол хүний мэдлэг, чадвар ийм нарийн мэргэжлийн салбарт олон улсад үнэлэгдэж буйн илэрхийлэл юм.
Нисэхийн инженер мэргэжилтэй аав минь салбартаа 36 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Энэ жил салбарынхаа 100 жилийн ойгоор Монгол Улсын Нисэхийн Гавьяат Техникч цолоор шагнагдаж, өнөөдөр дотнын эрхэм хүмүүстэйгээ алдраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Цэргийн ногоон хувцастай, цэргийн цолтой инженер байсан аав минь нисэхийнхээ салбарт олон хариуцлагатай албан тушаал хашихдаа дандаа л салбар минь, хамт олон минь гэсэн чин сэтгэлтэй явсан. Хамт зүтгэсэн нөхдийг нь өнөөдөр хараад баярлах, бахархах сэтгэл төрж суулаа. Та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан