С.Бямбацогт: Төрийн өмчит 108 компанийг 70 болгож цөөрүүлнэ
2025.07.01

С.Бямбацогт: Төрийн өмчит 108 компанийг 70 болгож цөөрүүлнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэрхэн ашигтай ажиллуулах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэхээр оролцож үе, үеийн Засгийн газар УИХ-аар тогтоол шийдвэр гаргуулж байсан. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ дээр ажлын хэсэг ажиллаж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас Нийтийн өмчийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Чуулган завсарлахаас өмнө энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдчихвэл энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн ажлын хэсэг ажиллаад ирэх намрын чуулганаар батлуулчихвал төрийн өмчит компаниудыг цэгцлэх, үйл ажиллагааг нь сайжруулах, бүтээмжийг нь нэмэгдүүлж үр ашигтай болгох томоохон эрх зүйн боломж үүснэ. Гэхдээ тэр болтол хүлээж суухгүй, тодорхой ажлуудыг хийж байна. Ажлын байрны зураг авалтууд хийж байгаа.

"Эрдэнэс Монгол" компанийн дор уул уурхайн компаниудыг нэгтгээд тодорхой ажлууд хийсэн. Эерэг үр дүн гарч байгаа. Үүнтэй адил "Эрчис Монгол" компанийн дор уул уурхайгаас бусад чиглэлийн төрийн өмчит компаниудыг нэгтгэх, цаашид төрийн өмчит 108 компанийг 70 болгож цөөлөх, үйл ажиллагаа нь ил тод байх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байгаа" гэв.