Халиа, тошин үүссэн хэсэгт далан босгож урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна
2023.02.13

Халиа, тошин үүссэн хэсэгт далан босгож урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус их хэмжээгээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбайд халиа тошин үүсч, хүндрэлтэй нөхцөл байдал гардаг.

Тиймээс дүүргийн ЗДТГ, Геодези, Усны барилга байгууламжийн газар, Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ, Онцгой байдлын хэлтэс хамтран 26, 40 дүгээр хорооны зааг хэсэгт халиа тошин үүссэн газарт арга хэмжээ авч ажиллалаа.

Тус газарт 18 хүний бүрэлдэхүүн 1 экскаватор, 1 ковш, 1 мини ковш, 3 ачааны автомашинаар 30 автомашин хайрга, дайрга асгаж шороон далан хийн, сувагчлал гарган шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.

Энэ хэсэгт өмнө жилүүдэд 7, 8, 40 дүгээр хорооноос эхтэй булгийн ундарга ус халин, урсаж ирдэг байсан бол 2020-2021 онд хэрэгжүүлсэн “Хабитат” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугам хоолойн сувагчлалын ажлыг хийснээр тухайн хэсгийн айл, өрхрүү орохгүй болгосон.

Халиа, тошин үүссэн хороодын нөхцөл байдлыг хянаж байсан ажлын хэсгийн гаргасан судалгаагаар 26, 40 дүгээр хороодын хэмжээнд 62 өрх том хэмжээгээр дамнасан булгийн ус болон үер, шар усанд автахуйц бүсэд буужээ.

Эдгээр айл өрхүүдийг тухайн бүс нутгаас шинэ байршил руу нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажлыг дүүргийн ЗДТГ, газар зохион байгуулалтын нэгдүгээр албатай хамтран үе шаттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна.