2023.01.12

Н.Учрал: Инфляцтай уялдуулж тэтгэвэрийн хэмжээг өөрчлөх болсон нь хамгийн том дэвшил

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Тэтгэвэр бол тооцож болдог гэдгээрээ онцлогтой. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн гол концевц нь ажиллах, хөдөлмөрлөх сонирхолыг нэмэгдүүлэхэд л орших ёстой. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд үр шимийг нь хүртэж байхад оршино.

Өнгөрсөн хугацаанд ажил олгогчийн төлдөг 8.5%, ажилтны төлдөг 8.5% иргэд, эзэндээ үр өгөөжөө хүртээдэггүй болохоор иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийдэг. Ажил олгогч, ажилтан нь ч дургүй байдаг. Төр ч сонирхолгүй. Яагаад гэвэл төсвөөс жил бүр дарамт учруулдаг тул. Нэг ёсондоо тэтгэвэрийн сан тэтгэвэртээ гарсан гэж би олон жил ярьсан.

2020 онд Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаглаад хувийн тэтгэвэрийн хуулийг өргөн мэдүүлсэн. Үүнээс хойш Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үе үеийн сайдууд энэ хуулийг оруулж ирээд буцдаг байсан. Харин энэ удаа Т.Аюурсайхан сайд бидний олон жил ярьсан асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газраар эл хуулийг оруулж ирж байгаад сэтгэл хангалуун байна.

Иргэддээ мэдээлэл дуулгахад 17 хувийн тодорхой хувь нь хуримтлалд шилжиж байгаа гэдгээрээ энэ хууль онцлогтой. Нэг ёсондоо 2% нь хуримтлалд шилжсэнээрээ хуримтлал суурьтай болох буюу хагас хуримтлалд шилжиж байна. Тэтгэвэр олон давхаргат болж байна. Хуримтлалд тодорхой хувь нь шилжсэнээрээ шилжсэн хэсэг нь өвлөгддөг байх нөхцөл үүнээс бүрдэнэ гэж ойлгож байгаа.

Мөн 7, 5 жилийн асуудлыг энэ хуулиар шийдвэрлэж байгаа. Хувийн нэмэлт тэтгэвэрийн хуулийг өргөн мэдүүлж орж ирж буй. Өнөөдөр банкууд тэтгэвэрийн санг төрийн бус байгууллагын статустайгаар байгуулаад,  эхнээсээ иргэд тэтгэвэрт гараад эхэлчихсэн. Иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах нь ойлгомжгүй байсан бол хувийн нэмэлт тэтгэвэрийн хууль орж ирснээрээ иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бололцоог бүрдүүлж байна.

Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ хуульд инфляцтай уялдуулж, тэтгэвэрийг индексжүүлэх агуулга орж ирж байгаа. Энэ бол хамгийн том дэвшил. Инфляц ямар байна, түүнтэй уялдуулж тэтгэвэр нэмэх боломж бүрдсэнээрээ цаашид тэтгэвэрийн зөрүү арилах суурь тавигдана.

Цаашдаа Засгийн газрын зүгээс концевцыг алдагдуулахгүй Их Хурлаар батлуулахад гишүүдийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Дээрээс нь ажлын хэсэг хэлж байна. Нийгмийн даатгалыг цахимжуулах асуудалд ЦХХХЯ дэмжиж ажиллана. Дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монголчууд нийгмийн даатгалаа төлөх бололцоог бүрдүүлэхэд анхаарах ёстой.