2023.06.23

С.Ганбаатар: Эхнэр эсвэл нөхөр нас барах үед тэтгэврийг 20%-аар нэмж өгнө гэжээ, яагаад 20% гэсэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Асуух хэдэн зүйл байна. Эхнэр эсвэл нөхөр нь нас барах үед үлдсэн хүнд нь 20 хувиар тэтгэврийг нэмж өгнө гэжээ. Үүнд улсын төсвөөс 590 сая төгрөг орно гэсэн байна. 27.1-д Инфляц хөөрөгдөөд л байвал жилийн инфляцын дундаж түвшинтэй уялдуулж цалин, тэтгэвэр дээр нэмэгдэл олгоно гэсэн байна. Үүгээр ирэх жил 637 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэж орж ирж байна. Маш зөв.

7 сарын дундаж 80,4 тэрбум болон 264 тэрбум гээд ороод ирж буй. Нийлээд ирэх жилийг тооцвол 637-г оруулаагүй тооцож байгаа шүү. Сан болон төсвөөс гэж байгаа. Та нар нийгмийн даатгалын нэмэгдэл, улсын төсвийн дэмжлэг болон нэлээн олон зүйлийг хольчихсон байна. Дараагийн хэлэлцүүлэгт ялгаж, засаж орж ирээрэй. 2024 онд улсын төвсийн 1,1 их наяд төгрөг тусгахаар зааж байна. Энэ 1,1 их наяд төгрөгийн төсөв улсын төсөвт орох баталгаа бий юу? Хууль батлагдвал улсын төсөвт ачаалал ирнэ гэдгийг тооцоолсон уу?

Төслийн 7.1.1-д өндөр настны тэтгэврийн томьёолол орж ирсэн байна. Тэтгэвэр =цалин 45 % + шимтгэлийг 0,125 хувиар нэмэгдүүлсэн ийм томьёолол орж ирсэн байна. Сарын дундаж цалин 1 сая 200 мянган төгрөг гэж бодвол сард 550 мянган төгрөгийн тэтгэвэр авахаар тооцоо гарч ирж байна. Улаанбаатар хотод амьжиргааны түвшин доогуур 277 мянгөн өрх байгаа. Амьжиргааны доод түвшингээс хоёр дахин их л орж ирж байна. Энэ бага биш үү. Үүнийг нэмэгдүүлэх боломж бий юу?

Нийт тэтгэвэр авагчдын 37,6% нь нийт цалингийн бүтцийн 420,000-1 сая төгрөгний дотор гэж байгаа шүү дээ. Нийт хүмүүсийн 2 сая төгрөг хүртэлх цалин буюу дундаж цалин 1,573,000 мянга байгаа. Тэгэхээр би өөрийнхөө хэмжээнд тооцоо хийж байна шүү дээ. 500-600 мянган төгрөгний дунд хэлбэлзэх тэтгэврийн тооцоо гарч ирж байна гэж ойлгож болох уу? Монголд 2-3 сая төгрөгний цалин авдаг хүн 11,5%, 3 саяаас дээш цалин авдаг хүн 8,8%. Энэ утгаараа тооцоход 1 сая 200 мянгөн төгрөгний цалин авлаа гэхэд ийм тооцоо гараад байна.

Чухам яагаад 20 хувь гэж тооцсон бэ? Эхнэр эсвэл нөхөр нь нас барах үед үлдсэн хүнд нь 20 хувиар тэтгэврийг нэмж өгнө гэхдээ яагаад 20 хувь гэж тооцсон бэ?

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуллаа.