Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2022.10.20

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.20\ нэгдсэн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.

Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

Хуулийн төсөлд:

  • -шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;
  • -шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;
  • -шүгэл үлээх хэлбэр;
  • -шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;
  • -шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;
  • -шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;
  • -шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;
  • -шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.
  • Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.

Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон улсын байгууллагын өмнө хүлээж байна гэсэн үг юм.