2022.07.05

С.Чинзориг: Төр нэг иргэн байсан ч асуудлыг шийдэхийн төлөө ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.05\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Бид заавал 30 иргэн дэмжвэл ажлын хэсэг байгуулна. 70 иргэн дэмжвэл түр хороо байгуулна гээд тоо, хязгаар тавих хэрэг байна уу. Энэ хэр оновчтой юм бэ. Төр чинь заавал 30, 70 хүн дуугарвал биш 1 хүн, 5 хүн дуугарсан ч ард түмнээ төлөөлж дуугарч байгаа асуудлыг судалж үүнийг шийдэхийн төлөө ажилладаг байх үүрэгтэй.

Иргэд төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан, Засгийн эрх ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуультай. Сонгогдсон гишүүд нь тойрогтоо эргэх холбоотой ажилладаг, саналыг нь сонсдог, хэлэлцэж буй хуулиа танилцуулдаг, иргэдийнхээ саналыг авдаг. Үүнийг хууль тогтоомжиндоо тусгаж бодлогоо боловсруулж ажилладаг энэ эргэх холбоо байхгүй болчих юм биш үү?  Хуулиар иргэдийн санал гомдолд төр хугацаатай хариу өгөх ёстой. Энэ зүйл хуулиараа зохицуулагдах юм уу. Хязгаарлагдмал хүрээнд хууль чинь үйлчлэх болчих юм биш үү?