2022.06.15

С.Чинзориг: Ёсзүйн хороонд хуулиар бүх үйл ажиллагааг шийдвэрлэх эрх мэдлийг өгчихөөд дараа нь хариуцлага шаардах боломжгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Мэргэжлийн ёс зүйн хороо байхыг дэмжиж байгаа.  Ёс зүйн хороог хаанаас ч байгуулж болно. Гол нь үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх ёс зүйн хороо гэхээр эргэлзээд байна. Бүх үйл ажиллагааг шийдвэрлэх эрхтэй ёс зүйн хороо гэж хуулиар том цоорхой үүсгэчихээд сүүлдээ ёс зүйн хорооноос юу шаардах вэ? Би ёс зүйн хороо гэж мэргэжлийн алдаа гаргасан уу гэдэг дээр хяналт тавьдаг, иргэдийн гаргасан гомдол, маргааныг шалгадаг, хариу өгдөг ийм л үүрэгтэй гэж ойлгоод байгаа юм. Тэгэхээр эд, эрхтэн суулгахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг шийдвэрлэх ёс зүйн хороо гэхээр болохгүй байна. Ёс зүйн хороо эцсийн шийдвэр гаргадаг биш, мэргэжлийн алдаа гаргасан, хариуцлага алдсан бол, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцох, санал өгдөг ийм л  хороо байдаг. Ийм хуулийн цоорхойтой хууль гаргаж болохгүй. Бүх үйл ажиллагааг нь шийдвэрлэх эрх өгчихсөн учраас эцсийн шийдвэр гаргасан гэж юуг ч хийж болно.