Донорын тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулган
2017.01.19

Донорын тухай хуулийн төслийг дэмжлээ

2017 оны 1 сарын 19 ны УИХ-ын чуулганаар Донорын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Н.Амарзаяа, Н.Оюундарь нар асуулт асууж үг хэллээ.

Ингээд 42 гишүүдийн 95,2% буюу 40 нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж харьяалагдах байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой аж. Үүнд: 

  1. Донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ.

  2. Хүний эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд олон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан амьдрал бэлэглэж, тэдгээрийн амьдралын чанар нь эрс сайжирч эрүүл хүнтэй адил ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.

  3. Донор болох зөвшөөрлийг нас барахын өмнө өөрөөс нь, нас барсны дараа гэр бүлийн гишүүн, төрсөн эцэг, эх, харгалзан дэмжигчээс нь тус тус авах, донорын эгнээг өргөжүүлэх, донорын зар сурталчилгаа болон зуучлалыг хориглож, хүний эрхтний наймаанаас сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

  4. Өөрийн оронд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэснээр гадаад руу гарах мөнгөн урсгалыг бууруулна.

  5. Донорын эс, эд, эрхтэн бүртгэх, хуваарилах, мэдээллийн нэгдсэн сан үүсэх, шударга хуваарилах боломж бүрдэнэ.

  6. Үүдэл эсийн үндэсний банк байгуулагдсанаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж 1, аутизм, зүрхний өвчин, сөөрөг дархлааны (аутоиммунный) бүх өвчин,  удамшлын  болон бодисын солилцооны эмгэг  зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломжтой болно.