Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбоо (ХЭҮБДХ)-ноос зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад ХЭҮК оролцлоо
2022.05.13

Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбоо (ХЭҮБДХ)-ноос зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад ХЭҮК оролцлоо

Европын Холбоо, Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн холбоо (ХЭҮБДХ)-ноос хамтран 2022 оны 5 дугаар сарны 12-ны өдөр зохион байгуулсан хүний эрх хамгаалагчийн асуудлаарх олон улсын зөвлөлдөх уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан ХЭҮБДХ-ны урилгаар оролцож, Монгол Улсад Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж боловсруулж, батлуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг байгуулах хүчин чармайлтын явцад гарсан сургамж, тулгарсан бэрхшээл, олж авсан туршлагын талаар мэдээлэл хийлээ.


Хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах асуудлаар Европын Холбооноос 2004 онд гаргаж, 2008 онд шинэчилсэн хүний эрх хамгаалагчийн асуудлаарх баримтлах Европын Холбооны Зааврын хэрэгжилтийг асуудал болон 2018 оны 10 дугаар сард Мароккогийн вант улсын Марракеш хотноо зохион байгуулагдсан ХЭҮБДХ-ны олон улсын бага хурлаас гаргасан Марракешийн тунхаглалын мөрөөр ХЭҮБ-уудын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний эрх хамгаалагчийн асуудлаар сайн туршлага, сургамж, шинэ санал, санаачилгын талаар мэдээлэл солилцсон уг хэмжээнд Европын Парламентийн гишүүн Ханна Ньюманн, НҮБ-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч асан доктор Мишель Форст зэрэг хүндтэй зочид болон Финлянд, Франц, Польш, Гватемаль, Гондурас, Колумб, Филиппин, Палестин, Кот Дивуар, Кени, Египет зэрэг 12 улсын хүний эрх хамгаалагч, ХЭҮБ-ын тэргүүн, төлөөлөгчид оролцсон.

Монгол Улс Ази-Номхон далайн бүсэд хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуулиар баталгаажуулсан анхны улс бөгөөд Комиссын нэг гишүүн хүний эрх хамгаалагчийн асуудлыг тусгайлан хариуцаж, Хүний эрх хамгаалагчийн хороог удирдах юм.