Ц.Мөнхцэцэг: Хүн бүр хүний эрхийн зөрчлийг мэдээлдэг, мэдээлэгч нь хуулиар хамгаалагддаг улсад хүний эрх зөрчигддөггүй
2022.05.04

Ц.Мөнхцэцэг: Хүн бүр хүний эрхийн зөрчлийг мэдээлдэг, мэдээлэгч нь хуулиар хамгаалагддаг улсад хүний эрх зөрчигддөггүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол явагдаж байна.

ХЭҮК-ын гишүүнд Т.Саруул, С.Дондов, тус комиссын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн, Б.Өнөрмаа, Ч.Отгончулуун нар нэр дэвшсэн. Улмаар томилгооны сонсголыг хоёрдугаар сарын 17-ны өдөр явуулахад ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нар олонхын санал авсан юм.

Томилгооны сонсголыг нээж, даргалагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хэлэхдээ “УИХ-ын үндсэн зорилт бол төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах явдал юм. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн болон Парламентийн засаглалын энэ суурь зарчмыг хэрэгжүүлэх нэг чухал арга зам бол УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, албан тушаалд нэр дэвшигчийг иргэд, олон нийтийн оролцооны үндсэн дээр томилох юм.

Тийм учраас ажлын хэсгээс санал болгосон нэр дэвшигчид нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний албан үүргийг гүйцэтгэх мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг олон нийтэд таниулах болон Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах нь өнөөдрийн сонсголын зорилго юм” хэмээн онцлов.

Мөн “Ажил мэргэжлээсээ үл хамааран аливаа шударга бус үйлдлийн эсрэг, хүний эрх, эрх чөлөөг бодиттойгоор эдлүүлэхийн төлөө тууштай тэмцдэг, хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох зарчмыг баримтлан эрх чөлөөтэй амьдрах нийгмийг бий болгохын төлөө хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд ажиллах учиртай.

Хүний эрхийг хамгаалах үйлдэл хийснийхээ төлөө амь нас, эрүүл мэнд, бие махбодид нь аливаа хэлбэрээр заналхийлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд доромжлон гутаах, дарамтлах үзэгдэл гарсаар байгаа нь хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн орчинг нь бий болгох шаардлага тулгараад байгааг илэрхийлж байсан.

Энэ асуудлыг таслан зогсоох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар Монгол Улс Ази тивд анх удаагаа Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалдаг хуультай болсон.

Тус хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнтэй буюу нийт 6 гишүүнтэй байхаар тогтсон.

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчлэн баталсан бөгөөд энэ шинэчлэлээр хүний эрхийг хамгаалах талаар зарчмын олон өөрчлөлт оруулсны нэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж томилох асуудал байсан. Түүнчлэн Монгол Улс анх удаагаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцооны эрх зүйн үндсийг хуульчилсан явдал юм.

Энэ зохицуулалтын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 гишүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж Улсын Их Хурлаас томилсон бол Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтыг дахин явуулах нөхцөл үүссэн гэдгийг Та бүхэн сайн санаж байгаа байх.

Сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулж  сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг журамтай бөгөөд энэ удаагийн сонгон шалгаруулалтыг ч эдгээр байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж Хууль зүйн байнгын хороонд 2 нэр дэвшигчийг санал болгоод байна” гэлээ.

Нэр дэвшигчдийн хувьд:

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов:

  • 1984-1989 онд Монгол Улсын их сургууль, Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,
  • 1996-2002 онд Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч,
  • 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д Хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч,
  • 2010 оноос Нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байна.

ХЭҮК-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн:

  • Цагдаагийн академи, Хууль сахиулахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийг төгссөн. Эрхзүйч, хууль зүйн магистрын зэрэгтэй.
  • 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч,
  • 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах хоёрдугаар тасагт мөрдөн байцаагч,
  • 2012-2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, Дэд профессороор ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn