Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.05.03

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан (2022.05.03) 11 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод Байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан гэв.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдийн зүгээс тус Байнгын хороогоор дэмжигдсэн Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дэмжээгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8 дахь хэсгийг үндэслэн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж үзэж Байнгын хороонд буцаасан. Ажлын хэсэг Далайн захиргаа нь Далайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж байх зарчмын зөрүүтэй саналыг дахин боловсруулж, Далайн захиргааны асуудлыг хуулийн төсөлд тусгагдсан хэлбэрээр нь хэвээр үлдээсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Ганибал, С.Чинзориг нарын асуултад, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өгсөн хариултдаа хуулийн төслийн хүрээнд Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийхтэй холбоотой харилцааг зохицуулахаас гадна далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг боломжуудыг ашиглах эрх ашгийг нээж өгсөн гэдгийг онцолж байлаа.

Ингээд Далай ашиглах тухай хуулийн (шинэчилсэн найруулга)-ын төслийн талаар дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй нэмэлт саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлд “Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд Далайн захиргаа ажиллана.” гэсэн 5.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлд “хөлөг онгоцны бүртгэлийн үйлчилгээний орлогын 20-оос доошгүй хувийг хууль тогтоомжийн хүрээнд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан захиран зарцуулах” гэсэн 6.3.15 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулахаар тогтов.