Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2022.01.05

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ., ...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.

Монгол Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах;” гэж, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох; “ гэж тус тус гэж заасан билээ.

Сүүлийн жилүүдэд уул уурхай, олборлох салбар өндөр хурдацтай хөгжиж 2005 оноос хойш дотоодын нийт бүтээгдэхүүнд энэ салбарын эзлэх хувийн жин 20 гаруй хувьд хүрсэн. Өнөөгийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлж буйн хувьд энэ салбар нь манай улсын эдийн засгийн тулгуур багана болж байна. Энэ ч агуулгаар уул уурхайн салбараас хүртэх орлогыг ил тод, хамгийн боломжит үнээр төвлөрүүлэх нь чухал юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний дотоод, гадаад зах зээлийн арилжаанд олон хүндэрлүүд гарч байна. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй ил тод бус байдгаас үр ашигтай гэрээ хэлцэл хийх боломж муу, зардал өндөр, уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулах зохион байгуулалттай зах зээл бий болоогүйн улмаас бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байна.

undefined

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Гэвч гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшнаас үлэмж зөрүүтэй байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулсан  зэрэг асуудлууд тулгарч байна.

Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагаар анхдагч хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөл нь 7 бүлэгтэй байна.

Хуулийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн эрх зүй, зохион байгуулалтын хэлбэрийг тогтоож, бирж байгуулах асуудал болон биржийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлог харилцааг зохицуулах, уул уурхайн бүтээгдэхүүнд суурилсан гэрээг биржийн арилжаанд оруулахаар бүртгэх, түүний стандартыг тогтоох, арилжааны төрөл, төлбөр, тооцоог гүйцэтгэх, түүний баталгааг хангах, биржийн арилжаанд оролцох эрх олгох, арилжааны ил тод, шударга байдлыг хангах, нийтэд хүргэх мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд мэдээлэл хүргэхтэй холбогдсон нарийвчилсан харилцааг тусгасан байна.