2021.12.14

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан RewirED уулзалтад оролцож байна

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцож байна.

Дээд хэмжээний  үеэрээ GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзлалтын хүрээнд:  

Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;

ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;

Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5,0 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцлаа.

Төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн чуулга уулзалтын үеэр давхар зохион байгуулагдаж буй Дэлхийн экспод эх орноо төлөөлөн оролцож байгаа Монгол Улсын павилион, түүх соёлын үнэт үзмэрүүдээ дэлгэж буй Үндэсний түүхийн музейн багийнхантай Л.Энх-Амгалан сайд уулзжээ.

Тус павилионоор одоогийн байдлаар 70 000 хүн орж манай компаниудын үндэсний брэнд бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхсон тоо гарчээ. Харин Үндэсний түүхийн музейн баг Хүннү, Хүрлийн үеийн олдворуудыг олон орны эрдэмтэн судлаачид, иргэдэд толилуулж байгаа юм.

Яг энэ үеэр манай улсын өсвөрийн шатарчид Дубайн олон Улсын тэмцээнд оролцож III, IV байр эзэлсэн амжилтын мэдээ ч давхацлаа.

Монгол хүн, монгол үндэсний брэнд дэлхийд гарч, үнэлэгдэх боломжтой гэдгийг Л.Энх-Амгалан сайд онцоллоо.