“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо
2021.09.24

“Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа ээлжит цахим арга хэмжээ боллоо

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Уг тэмдэглэлт ойн хүрээнд “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-тэй хамтран “Хамтдаа 100 жил” сэдэвт найрамдлын буухиа арга хэмжээг өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн билээ.

Долоо дахь удаагийн цахим уулзалт буюу Улаанбаатар-Өвөр Байгалын хязгаарын Чита хотын буухиаг эхлүүллээ. Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилготой уг найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжилнэ.

Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисэгч, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Оросын талаас ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын амбан захирагч Осипов Александр Михайлович, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны орлогч дарга Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Засгийн газрын орлогч дарга Батомункуев Буянто Балданжапович, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович болон албаны бусад хүмүүс оролцож, улс төр, эдийн засаг, соёл боловсрол болон бусад салбарын хүрээнд дэх хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд дараагийн буухиа арга хэмжээг ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотод шилжүүлжээ.