Монгол Улс гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайн туршлагаас суралцана
Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нарыг /2025.05.20/-нд хүлээн авч уулзаж, Европын холбоо болон Монгол Улсын цаашдын стратегийн хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж, харилцан санал солилцлоо. Монгол Улсад ардчилалыг хөгжүүлэх, ардчилалын үнэт зүйлсийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлт, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдагч хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж хамтран ажилладагт талархал илэрхийлээд Монгол улс 1992 оноос ардчилсан нийгэмд орж орон сууц, барилга байгууламжуудад олноор нэмэгдсэн.
Улаанбаатар хотод анх 500-600 мянган хүн амтай хот байхаар төлөвлөгдөж байсан бол нийгмийн шилжилтийн үед нийт хүн амын 50% буюу нэг сая таван зуун мянган хүн амтай хот болж өөрчлөгдсөн. Иймээс өнөөдрийн Улаанбаатар хот түгжрэл, агаар, хөрсний бохирдлоо дийлэхгүй бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэ асуудлуудыг судлаад хотоо тэлэх, дагуул хотууд барих, хөдөөгийн аймаг, хотуудаа хөгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгарч байна. Бид бүхэн Улаанбаатар хотоо хөгжүүлэхийн зэрэгцээ 21 аймгаа иргэд оршин суух боломжтой хот болгон хөгжүүлэхээр зорьж байна. Монгол улсын Хамтарсан Засгийн газраас Улаанбаатар хотын дагуул хотуудыг байгуулах мега төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Бид шинэ нисэх буудалдаа түшиглэсэн “Хүннү-смарт, ногоон хот”-ыг байгуулах шийдвэрээ гаргасан. Эхний тооцоогоор 150 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөсөн.Засгийн газраас өмнөх хотуудын алдааг давтахгүй, ногоон, ухаалаг хот байгуулъя гэж зорилт тавьж ажиллаж байгаа талаар танилцууллаа.


Мөн цаашид Монгол Улсын гурав дахь хөршийн бодлого, үйл ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах, гурав дахь хөрш, тодруулбал Европын Холбоо, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагаас суралцах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
Уулзалтад Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нар болон ХББОСЯ-ны ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Батзаяа, Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунсанаа, ГХАХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Нандинбилэг нар оролцлоо.
Холбоотой мэдээ
2025.05.20
2025.05.19
2025.05.17