Дорнод аймагт Спорт ордон барих ажил эхэллээ
2021.09.04

Дорнод аймагт Спорт ордон барих ажил эхэллээ

Дорнод аймагт биеийн тамир, спортын томоохон тэмцээн, уралдаан зохион байгуулах стандартад нийцсэн заал танхим байхгүйн зэрэгцээ хүүхэд, залуучуудад эрүүл мэнд, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох усан бассейн нэн шаардлагатай байгаа талаар олон жил ярьсаар ирсэн билээ.

Тэгвэл 2021 оны Улсын төсвийн тухай хуульд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар Усан бассейн бүхий Спорт заал барих 9.9 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдаж, ТӨБЗГ-аас гүйцэтгэгчийг цахимаар сонгон шалгаруулсан байна.

 

Тус спорт ордон нь 1008 м2 талбай бүхий 260 суудалтай спорт тоглолтын заал, 500 м2 усан бассейнаас гадна бокс, бөхийн барилдаан, фитнесийн заал, уулзалт, сургалтын болон оффисын танхимуудтай, хоёр давхар байгууламж болох юм.

Барилгын нийт талбай гаднах тохижилтын хамт 1 га орчим хэмжээтэй тул аймгийн төвд барилга барих дэд бүтэц шийдэгдсэн томоохон хэмжээний зай талбайгүй болжээ.

Иймээс уг цогцолборыг Хэрлэн сумын 1-р баг, Залуус хорооллын 18-р цэцэрлэгийн баруун талд буюу Төмөр зам руу явдаг авто замын баруун талд барихаар шийдвэрлэж, Хэрлэн сумын ИТХ-ын тогтоолоор газар олгогдсон байна.

Усан бассейн бүхий спорт цогцолборын барилгыг гурван жилийн хугацаанд барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.