2021.02.01

Улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын орлого Зэвсэгт хүчний тусгай сангийн эх үүсвэр болж байна

УИХ-ын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Монгол улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, автозам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Эдгээр бүтээн байгуулалтад дотоодын ажиллах хүчнийг оролцуулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, салбар, цэргийн алба хаагчид амжилттай оролцож байгаа юм.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулснаар цэргийн алба хаагч залуусын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломж бүрдсэн. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдаж байсан Зэвсэгт хүчний хөгжлийн сан нь 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгөө бүрдүүлэхээр хуулийн зохицуулалттай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус сан нь зөвхөн энхийг дэмжих ажиллагааны нөхөн төлбөрөөс хөрөнгөө бүрдүүлж ирсэн. Харин улсын төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс орлого бүрдүүлж байгаагүй юм.

Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэх, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтаас олох орлогын эх үүсвэрийн тоо хэмжээг тодорхойлох боломжгүй тул тухайн жилийн төсөвт хамаарахгүйгээр Төсвийн тухай хуульд “Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бий болсон нэмэлт орлого” гэж заасантай нийцүүлэн түүний орлого, зарцуулалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн нэмэлт төсөв байхаар хуульчлан баталгаажуулахаар Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас уг хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байсан юм.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг батлав. 2021.01.29 

Зэвсэгт хүчний тухай хууль нэмэлт оруулан баталснаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаас олох ашгаар бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн алба хаагч залуусын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

Хуулийн төслийн ажлын хэсэг 

Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрт улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, гадаад дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж болон сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн хүүгийн орлого зэргийг шинээр тусгаж, сангийн орлогын эх үүсвэрүүд хуульчлан баталгаажиж, Зэвсэгт хүчний хөгжилд нааштай үр дүн үзүүлэх юм.

Түүнчлэн “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-тай холбогдох харилцааг Зэвсэгт хүчний тухай хуульд тусгаж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан хуульчилснаар сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, улмаар түүний үр өгөөжийг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг, техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг шинэчлэх, алба хаагчдын сурч боловсрох, ажиллах орчныг сайжруулах, улсын бүтээн байгуулалтад оролцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх зэрэг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өмнө байнга тулгамдаж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn