Зэвсэгт хүчний хөгжлийн санг тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамруулна
2021.01.28

Зэвсэгт хүчний хөгжлийн санг тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа. 

Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийжээ.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдын танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Х.Ганхуяг гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.