2021.01.21

Д.Ганбат: Энэ Засгийн газар коронавируст ялагдлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Хариуцлага үүрч хүлээж байна уу, хариуцлагаас зугтаж байна уу? Үүнийг өөрийн чинь амнаас сонсмоор байна. Өчигдөр Монголчуудын Эзэн Чингисийн талбай дээр гарч ирж жагссан жагсаалыг бас л захиалгатай өөрсдийнхөө хийдэг жагсаал мэт яриад байх юм. Ард түмэн өөрсдөө л гарч ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдад АН-ын бүлгээс өчигдөр өгсөн шаардлагаас ахиад сануулаад хэлье. 

Монгол Улсын Үндсэн хуульд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цоглуулан, хөгжүүлэхийг эрхэм зорилго гэж заасаар байтал, короновирусийн халдварт цар тахлын эсрэг Засгийн газар, УОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь зохион байгуулалтгүй, иргэн ард түмнээ гэсэн сэтгэлгүй, хүмүүнлэг бус байсан. УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа санал, шаардлага хүргүүлж Засгийн газар цар тахалтай тэмцэх бүхний хөл хорионы үеэр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ нь хуулийн дагуу хүмүүнлэг, үр дүнтэй байх ёстойг сануулсаар ирсэн ч эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж байгаа, сайд, дарга нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь үрэгдэж, төрөөс иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байсан.

Цар тахалтай тэмцэх, бүх нийтийн хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхдээ зохих арга хэмжээ аваагүйн улмаас, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч чаддагүй иргэд улсынхаа нийслэл рүү орох үүдэн дээр амь үрэгдэж, эх орондоо ирэхээр хоног тоолон хүлээх зуураа иргэн нас барж, дөнгөж төрөх орон дээрээс идэр есын хүйтэнд тусгаарлах байранд ачигдаж байгаа эх үрийн сэтгэл эмтрэм байдал нь өнөөгийн эх баригч болон Засгийн газрын бодит байдал юм. Энэ бол мөсөн уулын үзэгдэж байгаа хэсэг юм. Эх орондоо ирэх иргэдээ удаан хугацаагаар хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлах хүртэл хүнд байдалд оруулж байна. Цар тахалтай тэмцэх ЗГ-ын зорилго нь иргэдийнхээ амь нас, орлого, амь амьжиргааг хамгаалах байтал иргэд нь зовж, зүдэрч амь насаа алдаж байгаа ЗГ, УОК хайхрамжгүй хандаж байгаа нь иргэдийнхээ эсрэг гаргаж байгаа ноцтой үйлдэл юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хүнлэг бус хандсан, Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирох байдлыг бий болгосон.

Тухайлбал хариуцлага тооцох хүмүүсийн нэрсийг АН-ын бүлгээс зааж өгсөн. Тэргүүн ээлжинд УОК-ын дарга Шадар сайд Я.Содбаатарт, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайханд, Нийслэлийн ОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт  хариуцлага тооц гэж хэлсээр байтал та тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцолгүй, энэ Монголын ард түмнийг бодолгүйгээр энэ Засгийн газрыг огцруулж, засаглалын дутагдалд оруулж байна. Үүнийгээ юу гэж тайлбарлах вэ?

Үүнээс гадна захиалгатай жагсаал, мөнгө төгрөгөөр жагсдаг зүйлийг ярилаа. Хууль хүчний байгууллага хүний захиалгаар ажилладаг гэж хэллээ. Энд нотолгоо байна уу? 

Үндсэндээ энэ Засгийн газар короновируст ялагдчихлаа гэж бодож байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултанд хариуллаа. 

Би амьдралдаа хариуцлагаас зугтаж явсангүй. Хариуцлага үүрч амьдарсан түүхтэй. Хүн ажил авсан бол бас өгч чаддаг байх ёстой гэж би боддог. Хоёрхон хоногийн өмнө нялх биетэй эмэгтэйг ямар байдалтай ХӨСҮТ рүү авч явсаныг би өөрийн биеэр харсан. Би эцэг хүн, охин үртэй хүний хувьд ч, эхээс төрсөн Монгол хүний хувьд ч энэ бол миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Миний эхнэр, охин ингээд явж байсан бол би яах байсан бол гэж дотроо бодсон. Би заримдаа сэтгэл хатуутай хүн боловч заримдаа би дотроо зөөлөн хүн байгаа юм.