2018.11.30

М.Билэгт: Зээл авсан сайд нараасаа шударга ёс, хариуцлагаа тооцож эхлэх ёстой

Өнөөдөр үдээс хойш /2018.11.30/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зурж, 2018 оны 11 сарын 19-ний өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дагуу асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх ёстой. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Нэг жилийн өмнө Ерөнхий сайдыг томилсон. Ингэхдээ шадар сайд байсан Засгийн газраа унагахдаа хэлж байсан үг ард түмний сэтгэлд хүрч байсан юм. Өнгөрсөн хугацаанд төрд байгаа булхиаг бүгдийг та мэдэж байсан. Цэвэрлэгээ хийх нь гэж бид хүлээж байсан. Гэтэл та хэлж байснаараа энэ танхим, МАН-аасаа энэ шаардлагаа тавьж эхлэх ёстой байсан.

Өнөөдөр та төрийн эрх мэдэлтнүүд өөрийгөө эрх мэдлээ ашиглан хамгаалдаг байсан шиг зүйл яриад сууж байна. Энэ зөрчил үүсэх эхлэл болсон. ЖДҮХС-ийн зээлийн асуудал ил гарч иргэдийн бухимдал үүссэн байхад өөрийн кабинетын зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооц гэж хэлсэн ч тэгээгүй. Мөн л улиг болсон үгээр л хаацайлж байна.

УИХ-ын гишүүдийн өмнөөс адгийн үгээр хариу хэлээд наймаачин гээд сууж байх юм. Тэр наймаачин гэдэг чинь өнөөдөр үйлдвэрлэл явуулж, ажлын байр бий болгож байна. Үүнийг бодоорой та.”