2021.01.08

Н.Ганибал: Хүүхдүүд гэртээ сайхан байгаа мэт боловч ирээдүйд боловсролын хувьд хохирол амсана

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар  Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан бөгөөд мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асуулаа:

Бодит байдал дээр 170.000 хүүхэд сургалтаас теле хичээл огт үзээгүй, хичээлээс хөндийрсөн гэсэн тоон мэдээлэл бидэнд өгч байна. Цар тахлын дараа Боловсролын хөтөлбөр гэж зайлшгүй байх ёстой юм байна. Орхигдож байгаа бүх асуудлуудаа засаж залруулах зайлшгүй шаардлагатай байна. 

Цар тахлын дараах стратеги төлөвлөгөөгөө гаргаж байна уу?

Сумдын сургуулиудад хяналтаа тавиад хичээлийг нь эхлүүлэх бололцоо бидэнд байна. 170.000 хүүхдүүдийн ихэнх нь хөдөө эцэг, эх дээрээ мал маллаад байж байгаа. Өнөөдөртөө бид элэг бүтэн хамтдаа сайхан байгаа боловч, ирээдүйд тэр хүүхдүүдийн асуудал хүндэрнэ. Нэн ялангуяа бага насны хүүхдүүдийн танхимын сургалтыг нээгээд явбал зүйтэй. Бодит шийдвэр гаргамаар байна. Энэ тал даар УОК шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Улаанбаатар, сумдын асуудал бол хоёр өөр нөхцөл байдал. Сум, аймаг, хотын УОК шат дараатай зөв бодлогууд гаргаад явах хэрэгтэй байна.

Түүний асуултанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариуллаа.

Зайн сургалтын өөр хэлбэр нь хэвлэмэл хичээлийг бий болгосон. 170.000 хүүхдэд хэвлэмэл хичээлийг түгээж байгаа нь зайн сургалтын нэг хэлбэр юм. Энэ хүүхдүүд огт теле хичээл үзээгүй биш. Тодорхой хэмжээнд теле хичээл үзэлт нь алдагдаад байсан учраас ийм арга хэмжээ авсан байгаа. 

Цар тахлын дараа авах хариу арга хэмжээг боловсруулаад баталсан байгаа.