Хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна
2021.01.08

Хоёрдугаар улирлаас танхимын сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар  Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна. 

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав. 

Түүний хэлснээр 2020-2021 оны хичээлийн жилд  ерөнхий боловсролын сургуульд 4000 багш, ажилтан, 400165 суралцагч суралцаж байна. Дээд боловсролын байгууллагад 11970 багш, ажилтан, 147293 оюутан суралцаж байна. Нийслэлийн хэмжээнд 1968 оюутан дотуур байранд амьдарч байна.  Мөн 11-12-р ангийнхан 137 мянган нэр төрлийн сурах бичиг хэрэглэж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хичээлийг теле болон цахимаар хийсэн. Цэцэрлэг, сургуулийн амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 18, их, дээд сургуулийн амралтыг нэгдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн. Цаашид хоёрдугаар улирлын сургалтын үйл ажиллагааг  бүх шатанд танхимын болон танхимын хосолсон, зайн болон цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ажээ.

Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.