2020.12.30

Б.Энх-Амгалан: АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг тодорхой зааж өгөх нь зүйтэй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.

Ажлын алдаа дутагдалдаа хариуцлага алдах, зөрчил гаргах, ашиг сонирхолын зөрчилд холбогдвол яах вэ? Томилох нь ч яахав шалгуур тавьж байгаад, 15 жилээс доошгүй ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, сүүлийн таван жил улстөрийн албан тушаал эрхлээгүй гээд шалгуур тавиад томилчихдог байж, гэтэл чөлөөлөхийг нь яах вэ?Жишээлбэл алдаа дутагдал гаргавал чөлөөлөх үндэслэл нь юу байна вэ? 

Саналын хувьд Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар гишүүнтэй санал нэг байна. Улстөрийн сүүлийн таван жил гэдэг бол арай багадаж байна.

Дахин томилох асуудлыг харах хэрэгтэй. Нэг удаа улируулан томиллоо гэхээр зургаан жил ажилласан хүн дахиад зургаан жил ажиллах бололцоогоо бодоод сонирхолын зөрчилд холбогдох боломжтой. Ийм учраас нэг удаа томилогдоод дараагийн хүндээ шилжүүлдэг байх нь зөв зүйтэй байхаа.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Засгийн газраас 2020 оны 12-р сарын 01-ны өдөр өргөн мэдүүлсэн төсөлд Авлигийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн барьсан. Үүгээрээ хөндсөн асуудлуудыг УИХ авч хэлэлцэнэ. Ер нь ямар асуудлаар огцруулж чөлөөлөх асуудал хөндөгдөөгүй учраас бид хэлэлцэх боломжгүй байгаа юм. Хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэл хуучин хэвээрээ хадгалан үлдэж байна.