АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор томилох саналыг дэмжив
2020.12.24

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор томилох саналыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Гэтэл Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аас 6 жилийн хугацаагаар томилохоор заасан байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулж хуулийн төслийн зүйл бүрээр хэлэлцжээ. Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгсоноор УИХ томилгооны сонсгол явуулж зургаан жилийн хугацаагаар томилох гэж өөрчлөн найруулах санал гаргажээ. Мөн төслийн хоёрдугаар зүйлд, Авлигын эрсэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т дэх хэсгийн "...Эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн зөвлөмжийг..." гэснийг хасах гэж өөрчлөн найруулах санал гаргасан байна. Түүнчлэн хуулийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Дээрх саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог биш, УИХ-ын дарга санал болгодог байх саналыг тусгаж болохгүй шалтгааныг лавлав. Мөн тус газрын дарга, дэд дарга нь нэг нэгэндээ хяналт тавих ардчиллын үндсэн зарчмыг хуулийн өөрчлөлтөөр үгүй болгож байгааг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын өргөн барьсан төсөлд, АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор, УИХ 6 жилийн хугацаагаар томилно гэж хуучин заалт хэвээрээ байсныг тэмдэглэв. Харин Байнгын хорооны хуралдааны үеэр АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгохыг Үндсэн хуулиар хориглосон тул УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санал гаргаж Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгодог зарчмын зөрүүтэй санал оруулсан гэдгийг тайлбарлав. Ингэснээр, АТГ нь УИХ-ын дэргэдэх байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Харин гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газрын эрхлэх хүрээний асуудал тул Ерөнхий сайд санал болгож УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилдог болно гэв. Уг саналыг Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн гэдгийг хэллээ. 

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.