ХЗБХ: Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.22

ХЗБХ: Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасны дагуу төслийг зүйл нэг бүрээр хэлэлцсэн юм.

Мөн зүйлийн 39.11-т “Гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болно” гэж заасны дагуу тухай бүр гишүүд холбогдох асуулт, тодруулгаа хийж хариулт, мэдээллийг авч байв.

Хуулийн төслийн I, II зүйлтэй холбогдуулан Ж.Сүхбаатар гишүүн тус бүр зарчмын зөрүүтэй 3 саналын томьёолол ирүүлснээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.