ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2020.12.02

ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн (2020.12.01) хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн 78,4 хувийн ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан саналын гурван томьёоллоор санал хураалаа.

Тэрбээр “төслийн 1 болон 2 дугаар зүйлийн”бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл” гэж өөрчлөх,  төслийн 1 дүгээр зүйлийн “боловсруулсан ургамлын тос” гэсний дараа дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “5 дугаар сарын 01” гэснийг “7 дугаар сарын 01”гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов.