2020.11.27

Ц.Даваасүрэн: Малчдаа орлоготой болгох чиглэлд анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.27\ нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Өвөл, зуд хаяанд ирсэн байна. Өвөлжилт хүндэрсэн сумдууд байна. Өвс тэжээлээ татвараас чөлөөлөөд оруулж ирэх асуудал оройтчихлоо. Тиймээс үүнийгээ хурдан шуурхай хэлэлцээд, зохион байгуулж ажиллах нь зүйтэй. Малчид орлоготой байх хэрэгтэй. Тиймээс мал, махны худалдааг нь анхаарахгүй бол болохгүй. Айдаст автуулах биш боломж байгааг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Орлогогүй малчин юугаараа өвч тэжээлээ авах вэ? Ялангуяа идэшний цаг болсон байна. Хөл хориогоо хөнгөвчлөх, хяналтыг нь тавиад явуулахгүй бол бидний арга хэмжээнүүд үр дүнтэй болохгүй байх шүү.

Вакцинжуулах хүртэл энэ эрсдэл байна. Тэр хүртэл хөл хорино гэвэл амьдрал зогсоно. Тиймээс УИХ-ын даргын хэлсэн үгийг бүх шатандаа анхаарч амьдралаа хэвийн горимд оруулах шаардлагатай байна. Аливааг бид айдаст автахдаа амархан байна. Харин боломжийг ашиглаад амьдралаа хэвийн байдалд оруулж, хүндэрч байгаа хэсгүүдээ анхаарах хэрэгтэй байна."