2020.08.20

С.Амарсайхан: Судалгаа тооцоотой, эдийн засгийн сайн үр дагавартай, бүх талын оролцоог хангаж хууль батлах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

“Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй. Бид энэ танхимд асуудлыг хэлэлцэхдээ эрх мэдлийн хуваарилалтыг харж, ярьдагаас биш аливаа асуудлын үр дүнг ярихгүй байдгийг тод илрэл энд харагдаж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилт нийгэмд хэрхэн хэрэгжиж байгаагийн үр дүнг тооцдоггүй, эдийн засаг нийгмийн сөрөг үр дагаврыг тооцдоггүй эрдэмтэн судлаачдын үгийг тоодоггүй. Сэтгэлийн хөөрлөөр ханддаг. Эргээд энэ асуудалдаа өөрсдөө унадагийн тод жишээ болж байна.

Нөгөө талаар Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр нэг дэвшил гаргасан. Аливаа хууль тогтоомжийг хэлэлцэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг хийх жишиг тогтсон. Ингэхгүй бол өнөөдөр баруун гараараа хийснээ маргааш зүүн гараараа тасддаг байдал арилахгүй. Тиймээс бүх шатанд урт хугацаанд хэлэлцүүлэг хийх ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачлах эрх нь нээлттэй байж, батлаад хэрэгжүүлбэл гарах үр дүнг нь тооцож чаддаг байх ёстой.

Бид тогтолцоо, эрх зүй талаас нь аливааг хараад эдийн засаг талаас нь хардаггүй. Аливаа улс орны хөгжлийн үндэс нь эрх зүй ба эдийн засгийн уялдаан дээр явдаг. Тиймээс нухацатай хандах хэрэгтэй. Хууль тогтоох дээд байгууллага судалгаа тооцоонд тулгуурлан асуудалд хандаж байхыг шаардаж байна.

Өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлууд хөндөгдөж, яригдсаар байгаад 4 жил нь өнгөрдөг. Улс төрийн амлалт өгөөд үүнэийгээ хийх гэсээр 4 жил өнгөрдөг байдлаасаа салах цаг болсон. Бүх талын оролцоог хангасан эдийн засгийн зөв үр дагавартай, судалгаа тооцоотой ажиллахыг хүсэж байна.”