Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг хязгаарласан зохицуулалтыг засна
2020.08.20

Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийг хязгаарласан зохицуулалтыг засна

Улсын Их Хурлын өнөөдрийн \2020.08.20\ хуралдаан 09 цаг 05 минутад эхэллээ.  Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа.

Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж, зохих журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн 26.1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах ...эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг УИХ-ын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно.

Гэтэл УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан байна. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Ганбаатар нар Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгааг илэрхийлээд, бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хүрээг хязгаарласан заалтыг засах шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн. Мөн Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлтэй холбоотой асуудлаар ард иргэдийн дунд нэгдсэн ойлголт өгөх шаардлагатай байгааг хэллээ.

Ингээд гишүүд асуулт асууж тодруулга авсны дараа УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Н.Энхболд, Д.Ганбат нар үг хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, асуудлыг эрх мэдэл талаас нь харахаас илүүтэй үүрэг хариуцлагынх нь талаас ярих хэрэгтэй хэмээгээд, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг нийгмийн бүх түвшинд хэрхэн хэрэгжиж байгаад үнэлгээ дүгнэлт хийх шаардлагатай, эрдэмтэн судлаачдыг оролцуулж нухацтай хандах хэрэгтэйг онцолж байв.
Ийнхүү УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай тогтоол батлагдлаа.