Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МАН-ын дарга У.Хүрэлсүхийг МҮОНРТ-ээр мэтгэлцэхийг уриаллаа
2020.06.22

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ МАН-ын дарга У.Хүрэлсүхийг МҮОНРТ-ээр мэтгэлцэхийг уриаллаа

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр \2020.06.22\ цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ардчилсан нам төлөвлөгөөнийхөө дагуу сонгуулийн сурталчилгааны ажлаа 100 хувь амжилттай явуулж дууслаа. Бид хууль дээдлэх зарчмаар сонгуулийн үйл ажиллагаагаа явуулж, ямар нэгэн хууль бус үйлдэл гаргаагүй. Тиймээс нийт Ардчилсан намын гишүүд дэмжигчид штабын ажилчдадаа сонгуулийн сурталчилгааг амжилттай дуусгаж байгааг баяр хүргэе. Мөн бидний сонгуулийн ажилд тусалж дэмжиж байсан сонгогч түмэндээ баярлалаа.

Улс оронд өнөөдөр үүсээд байгаа эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх ёстой. Өнөөдөр улс төр нийгэм, эдийн засгийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж байгаа төрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ардчилсан нам, МАН гэсэн хоёр том нам бий. Ардчилсан намын хувьд “Өсөлтийг өрх бүрд” гэсэн зорилго, уриатай “Монгол өрх, хөгжлийн бодлого”  мөрийн хөтөлбөрөө иргэд, сонгогчиддоо танилцуулж сурталчилгааны ажлаа зохион байгууллаа.

МАН-ыг  бодлогын өрсөлдөөний суурь дээр сонгуулийн сурталчилгааг явуулна гэж харж, хүлээж байсан.  Харамсалтай нь бидний хүлээлтийн хэмжээнд ажиллаж чадсангүй. 2016 онд ард түмнээс авсан асар том итгэл найдвар 65 мандат өвөртөлчихөөд яг  юу хийж, бүтээсэн юм бэ. Ард түмэнд амласан амлалтуудаа биелүүлж чадсан эсэхээ улс төрийн шоу сурталчилгаа хэлбэрээр биш ард түмэндээ тайлан хэлбэрээр хүргэж, дөрвөн жилийнхээ ажилд дүнгээ тавиулсан бол шударга болох байсан. Харамсалтай нь тайлангаа тавьсангүй.

Түүнчлэн өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа МҮОНРТ-ийг миний хувьд хангалтгүй ажиллалаа гэж харж байна. Сонгуулийн сурталчилгааны явцад ил, далд хэлбэрээр эрх баригчдад үйлчилсэн хандлагатай үйл ажиллагаа явуулж ирлээ. МҮОНРТ-ийн хувьд өмнө нь ч байсан цаашдаа ч байх ёстой жишиг бол өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлж байгаа улс төрийн хоёр гол нам мэтгэлцээн зохион байгуулах ёстой.

Цаашдаа улс орны нийгэм, эдийн засгийг ямар арга замаар авч явах, үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлээс хэрхэн гарах талаар эрх баригч нам болоод сөрөг хүчин хийж байгаа намын гол тактик эдийн засгийн гарц гаргалгааны талаар мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй. Мөн өнгөрсөн хугацааны улс төрийн үйл ажиллагаанд алдаа, онооны асуудал дээр харилцан мэтгэлцэж, мэтгэлцээнээс сонгогч түмэн хоёр намын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг хангасан үйл ажиллагааг явуулна гэж бид хүлээж байсан.

Харамсалтай нь МҮОНРТ-ээс энэ ажлыг санаачилсангүй. МАН эрх баригч намын хувьд асуудалд ил тод нээлттэй хандаж чадсангүй. Өөрсдийн хийсэн ажлын тайлан болоод хийх мөрийн хөтөлбөрийнхөө талаар гол сөрөг хүчний нам болох Ардчилсан намтай  ил тод мэтгэлцээний зарчмаар асуудлыг олон түмэндээ гаргаж тавьсангүй. Бид сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр хүртэл тэвчээртэй хүлээлээ. Тиймээс үлдэж байгаа хугацаанд эрх баригч нам, МҮОНРТ энэ асуудалд бодит дүгнэлт хийгээд улс орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн асуудал, улс төрийн нөхцөл байдал, Монгол төрийн үйл ажиллагааны олон түмний өмнө ил тод нээлттэй мэтгэлцээнийг зохион байгуулахыг уриалж байна.

Мэтгэлцээн зохион байгуулсан тохиолдолд ямар ч цаг үед, ямар ч бүрэлдэхүүнтэй оролцоход бэлэн байна. Энэ бол аль нэг намын шоу биш. Монгол түмний сонгогчдын бүрэн эрхэнд нийцсэн үйл ажиллагаа болох байх. Сонгогчид сонголтоо хийхэд маш том нөлөө үзүүлэх үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа У.Хүрэлсүх түүний багийнхан Ардчилсан намын зүгээс тавьж байгаа саналыг эерэгээр хүлээн авч мэтгэлцээнд оролцож, Монголын олон түмэн сонгогчдын өмнө ил тод мэтгэлцэх байх гэж итгэж байна.

Сүүлийн үед цагдаа, шүүх гээд хуулийн байгууллагын зүгээс зохион байгуулалттайгаар Ардчилсан намын харлуулах гэсэн манай намын нэр дэвшигчдийг хэлмэгдүүлсэн, бидний үйл ажиллагааг саатуулах гэсэн үйл явдал олон гарч байна. Тиймээс өнөөгийн эрх баригчид энэ байдалдаа анхаарч дүгнэлт хийгээч гэдгийг хэлмээр байна. Хууль шүүхийн байгууллага Үндсэн хуульд заасан төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд зөвхөн хуульд дээдлэх зарчмаар ажиллана гэсэн заалтыг ягштал биелүүлж ажиллахыг уриалж байна. Нийт ард түмэнд үйлчлэх үүрэг төрийн үүрэг. Түүнээс аль нэг улс төрийн хүчинд үйлчлэх үүрэг төрийн аль ч шатны байгууллагад байхгүй. Тиймээс хууль дээдлэх зарчмаа ягштал биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.