2020.03.13

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл бэлэн болжээ

Нийгмийн даатгалын сангийн алдагдал, улсын төсвөөс олгох татаасын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, тэтгэвэр авагч иргэдийн тоо жил бүр өсч 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 он гэхэд 5 хүн, 2040 онд 8 хүн болох урьдчилсан тооцоолол гарсан зэргээс шалтгаалан нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлага үүссэн. УИХ-ын гишүүн Н.Учрал “тэтгэвэрт” гарсан тэтгэврийн тогтолцоог шинэчлэх санаачилга гарган “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулаад байна. 

“ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” ХУУЛЬ

Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд баталж, 1995 оноос мөрдөж эхэлснээр хөдөлмөрийн насны бүх иргэн нийгмийн даатгалын харилцаанд шимтгэл төлж оролцох, үүнд ажил олгогч, төр тодорхой хэмжээгээр хамтран шимтгэл төлөх харилцааг зохицуулсан. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч талуудын эрх ашигт нийцсэн олон арга хэмжээг хуульчлан хэрэгжүүлсэн боловч тогтолцооны хувьд дорвитой шинэчлэл хийгдээгүй, Жилээс жилд нийгмийн даатгалын хамралт өсч байгаа ч тэтгэвэр авах ахмадын тоо нэмэгдсээр байгаа. Гэтэл нийгмийн даатгалын сангийн хөрөнгө жил бүр улсын төсвөөс татаас авч, зардал нь орлогоосоо давсаар байна.

Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ч оршуулгын зардал л авах хэмжээнд очиж байгаа энэ тогтолцоог шинэчлэх шаардлага үүссэн бөгөөд УИХ-ын даргын зархирамжаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Н.Учрал гишүүн тус ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

Тэтгэврийн шинэчлэлийн ажлын хэсэг уулзав

Тэрээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нартай тэтгэврийн шинэчлэл болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар уулзаж санал солилцсон юм. Мөн дээрх ажлын хэсгийн гишүдийн хамт хуулийн төслийг боловсруулах чиглэлд уулзалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр хуулийн төсөл бэлэн болж, олон нийтийн цахим хэлэлцүүлэгт байршуулаад байна. 

ХНХ-ын сайд С.Чинзоригтой уулзан, тэтгэврийн шинжчлэлийн талаар ярилцав.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж, санал солилцов.

Хуулийн төслийг эндээс үзнэ үү.

Хуулийн төслийн гол онцлог зохицуулалтууд нь:
  1. Нийгмийн даатгалд одоо төлж буй шимтгэлээс тодорхой хувийг Хувийн тэтгэврийн санд шилжүүлэх эрхийг нээх;
  2. Тус тэтгэврийн хуримтлалыг өвлүүлэх;
  3. Шаардлагатай үед буюу амь насанд эрсдэлтэй өвчин туссан эсхүл анх удаа орон сууц авах гэж байгаа бол тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө гаргуулах;
  4. Тэтгэвэрт гарахдаа хуримтлалаасаа тодорхой хувийг нэг удаа бөөнөөр нь авах зэрэг боломжийг бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн, Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн санаачлагч Н.Учрал

“Дунджаар нэг иргэн сард 187 мянган орчим төгрөг тэтгэврийн даатгалд төлдөг. Хүүгээс хүү бодох тооцооллоор 30 жилээр бодоход 810 сая төгрөг болно. Төрд тийм хэмжээний мөнгө төлсөн байхад ажлын хөлснөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоодог энэ жишгийг хална. Гадаад орнуудын ахмадууд үр хүүхдэдээ өв үлдээж, эрүүл мэндийн үйлчилгээнд эдийн засгийн дарамтгүйгээр хамрагдаж аялж зугаалдаг. Тэгэхлээр манай улсад тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Хэдэн жилийн дараа тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд ахмадууд маань баярлаад сууж байх юм уу, хангалттай тэтгэвэр авдаг хэлбэр рүү орчихсон  байх юм уу гэдгийг одоо ярих цаг.”

“Нийгмийн хамгийн эмзэг хэсэг бол тэтгэвэр авагчид буюу түүнийгээ барьцаалж зээл авсан иргэд байсан. Тиймээс Монгол Улсын төр тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэсэн. Бид үүнд тайвшрах ёсгүй. Цаашид тэтгэвэр авагчийн нийгмийн баталгааг улам сайжруулах, өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэддээ баталгаатай тэтгэврийн тогтолцоог бий болгох зорилгоор тэтгэврийн шинэчлэл хийх шийдвэрийг гаргаад байна.”

УИХ-ын дарга Г.Занданшатар

Ц.Соёлмаа