2020.02.07

Н.Учрал: Тэтгэврийн реформ хийх боломжийг ашиглана

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөгийн тэтгэврийн тогтолцоог "тэтгэвэрт" гарсан гэж онцолсон. Тиймдээ ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. 

"Хангалттай цаг байсан ч хийж чадаагүй өдий хүрсэн 26 жилийн алдаа, оноог хэн нэгнээс хайхыг хүсэхгүй байна. Гэвч дампуурсан тогтолцоо туйлдаа хүрсэн. Эцэстээ тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гаргасан. 
Тэтгэврийн зээл тэглэсэн энэ шийдвэр ахмадуудад дэм болсоноос гадна бидэнд тэтгэврийн реформ хийх мотивац болон боломж өгсөнийг ашиглаад ажиллаад үзье." гэсэн. 

Тэрээр өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд дэд ажлын хэсгээ байгуулж хаврын чуулганд дорвитой өөрчлөлт хийх санал оруулах юм. 

Н.Учрал гишүүн тэтгэврийн тогтолцоо, шинэчлэлийн талаар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай уулзаж санал солилцлоо. 

Энэ үеэр тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хувийн тэтгэврийн санг нэвтрүүлж шимтгэл төлсөн иргэн тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх, хуримтлалдаа хүүгээс хүү тооцуулах, амьдралын нэн шаардлагатай үед тодорхой хувийг урьдчилж авах боломжийг бүрдүүлэх талаар санал солилцсон байна. 

Улмаар хувийн тэтгэврийн сангийн эдийн засагт оруулах маш хүчтэй эерэг нөлөөллийн талаар харилцан зөвлөлдлөө.

УИХ-ын дарга Г.Зандашатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар энэ ажлыг тууштай дэмжиж, ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Ц.Соёлмаа