Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ
2019.05.03

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан"-г хэлэлцлээ. 

Тайланг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байна.

Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэв. 

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаарх холбогдох яам, агентлагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 76.7 хувь гэж гаргажээ. Үүнд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын болон бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хэрэгжилт 70-аас бага хувьтай гарсан нь голлон нөлөөлжээ. Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлжээ гэж Я.Содбаатар гишүүн танилцуулгад дурдсан.  

Мөн Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтэнд анхаарах шаардлагатай гэж үзэв.Байнгын хорооны зүгээс макро эдийн засгийн энэхүү бодлогыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ дундаж давхаргыг тэлэх бодлогын хүрээнд хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлалыг дэмжих, өрхийн өрийн дарамтыг бууруулах, орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг анхаарах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн үндсэн чиглэлийн 8.2 дахь “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах”, 10.2 дахь “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн ая тухтай сурч, боловсрох орчин, нөхцөлийг бүрдүүлэх, 13.1 дэх “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийг өргөтгөх, байгууллагын чадавхыг сайжруулах” зэрэг ажлууд тус тус 40 хувийнгүйцэтгэлтэй байгааг онцлон тэмдэглэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, тэгш эрх, боломжийг бүрдүүлэх асуудлыг онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгжилт 51.9 хувьтай байгааг эрчимжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах шаардлагатай байна.  Экспортын тэргүүлэх чиглэл болох уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт хангалттай үнэлэгдсэн хэдий ч эдийн засгийн суурь дэд бүтцүүд болох цахилгаан эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, зам тээвэр, логистикийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн 1.9 дэх заалтын “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого”-ын хэрэгжилт 70 хувьтай, 3.5 дахь “Жижиг, дунд үйлдвэр, хуваариараа бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх” ажил 40 хувьтай байгааг онцгой анхаарч, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих ажпыг энэ онд эрчимжүүлэх нь зүйтэй гэж байлаа.

Үндсэн чиглэлийн биелэлтийг бүхэлд нь харахад эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Монгол Улсын эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд институцийн чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, инновацийг хөгжүүлэх, зах зээл дээрх төрийн оролцоог зохистой түвшинд хадгалах зэрэг бодлогын хүрээнд тусгагдсан ажилд анхаарал хандуулах нь зүйтэй. Түүнчлэн ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг тусгах саналыг гаргасан байна. Цаашид үндсэн чиглэлд бодлогын гол арга хэмжээг тусгах, холбогдох зардлыг тухайн жилийн улсын төсөвт бүрэн тусгаж байх, эрх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Байнгын хорооны гишүүд цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдогбайх, цаашид үндсэн чиглэл, төсвийн төлөвлөлтийн уялдаа холбоог хангах чиглэлээр бодлогын санал боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах шаардлагагүй гэж Байнгын хороо дүгнэсэн  хэмээн Я.Содбаатар гишүүн танилцуулгын төгсгөлд дурдсан. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их  Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарын зүгээс Сангийн сайд гадаадад албан томилолтой ажиллаж байгаагийн зэрэгцээ, гишүүдийн ирц хангалтгүй байгаа тул уг асуудлыг хойшлуулах талаар санал гаргасныг гишүүд дэмжлээ.