Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2017.01.02

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь 3 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд “Байгаль хамгаалах сан” гэснийг “Байгаль орчин, уур амьсгалын сан” гэж өөрчлөн, 2 дугаар зүйлд Байгаль хамгаалах сан олон улсын байгууллагаас санхүүгийн эх үүсвэр татах учраас бусад орлого гэж тодорхойлон, 3 дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны талаарх зохицуулалтыг тусгажээ.

Байгаль хамгаалах сангийн хувьд олон улсын байгууллагаас санхүүжилт авах эрх зүйн орчин бүрдэж, Парисын хэлэлцээрийн хүрээнд баталгаажсан олон улсын санхүүжилтийг Монгол Улсад татаж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицоход чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэл тавигдах юм байна. Олон улсын байгууллагаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн удирдлага, хяналт, үнэлгээ хийхэд гадны байгууллагын оролцоог бууруулж, санхүүжилтийн захиран зарцуулалтыг Монгол Улс дангаар хариуцан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.