Ард нийтийн санал асуулга явуулбал дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гарна
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.05.19

Ард нийтийн санал асуулга явуулбал дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гарна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн дарга С.Бямбацогт “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудлууд дээр төвлөрч ярилаа. Нэгдүгээрт Хүүхэд хамгаалал болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгууд, хоёрдугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, гуравдугаарт Таван толгойн асуудал дээр байр сууриа нэгтгэлээ.

Хүүхэд хамгааллын хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Хүүхдээ хэрхэн улс эх орондоо хэрэгтэй зөв хүн болгон өсгөн хүмүүжүүлэх вэ. Үүнд гэр бүл, эцэг хийн оролцоо ямар байх гэдэг тал дээр тодорхой асуудал дэвшүүлж хуулийн төсөлд санал бодлоо нэмэрлэх ёстой гэж үзлээ.

Тус хуультай уялдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийг хамт хэлэлцэх ёстой гэж үзлээ. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд найман настайдаа сургуульд элсэх боломжийг бий болгоёУлаанбаатар хотод сурч байгаа хүүхдүүдийг тогтсон чиглэлд үнэ төлбөргүй явуулахыг тусгаж, гэртээ хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгэе гэх мэт тодорхой зүйл заалтуудыг суулгая гэж шийдвэрлэлээ. Эдгээр асуудлыг холбогдох байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал болгон оруулна” гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль яригдаад хагас жил болж байна. Энэхүү хуульд “Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэхүү хууль үйлчилнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтай хүмүүс бүгд энэхүү хуульд хамрагдана гэсэн үг.

Энэ нь хууль зөрчиж, мөнгө зувчуулсан төрийн өндөр албан тушаалтнууд мөнгөө ил болгож, эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлсэн. 2012 оны УИХ-ын Сонгуулийн дараа Ардчилсан нам санхүүгийн томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал, Самурай, Чингис бонд болон үнэ тогтворжуулах хөтөлбөрт суулгасан 3.8 их наяд төгрөгийг дурдаж болно. Энэхүү хөрөнгийн зарцуулалтад МАН-аас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн эцэслэн гараагүй байхад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн”

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Таван толгойн гэрээний төсөл УИХ-д өргөн бариад 21 хонож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахиц, өөрчлөлт гарсангүй. МАН тус төслийг явуулах ажлыг хурдавчлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Таван толгойн гэрээг УИХ-аар түргэн хэлэлцүүлээд, хуулийн хүрээнд шийдээд ямар нэгэн шийдвэр гаргаж, нийгэмд болон гадаад талд маш тодорхой байр суурь илэрхийлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Таван толгойн төслийг явуулах уу, явуулбал энэ гэрээгээр явуулах уу гэдгээ шийдэх нь зүйтэй.

АН-ын бүлгээс УИХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг байгуулсан, Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаад 51 хувь нь төрийн өмч байна гэсэн тодорхойгүй зүйл ярьсан. Цаашлаад уг төсөл хэзээ УИХ-аар хэлэлцэх нь тодорхойгүй байна” гэлээ. 

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАН-ын бүлгээс Ард нийтийн санал  асуулга явуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Хэзээ хэлэлцэх вэ. Ямар асуудлууд тусгасан бэ?

С.Бямбацогт: Сонгуулийн хууль хэлэлцэхтэй холбогдуулж энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Үүнтэй холбогдуулж намрын чуулган завсарласан, хаврын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд тойрогтоо очиж иргэд, сонгогчидтой уулзсан.

Энэ үед сонгуулийн тогтолцоо ямар байвал дээр вэ гэдэг иргэдийнхээ саналыг сонссон. Үнэхээр хөдөө орон нутагт явж байхад намын жагсаалтаар сонгогддог буруу юм байна, хүнээ мэддэг байж сонгодог больё гэж байсан. Энэ дагуу хаврын чуулганы эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Ард нийтийн санал явуулах тухай тогтоолын төслийг санаачилж Засгийн газраас санал авахаар явуулсан. Засгийн газраас санал өгөөд тавдугаар сарын 9-ний өдөр дууссан.

Өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Ард нийтийн санал асуулгаар иргэн сонгогч УИХ-ын гишүүнийг сонгохдоо намын жагсаалтаар сонгох нь зөв үү, эсвэл хүн дугуйлдаг байх нь зөв үү гэсэн асуулттай санал асуулгын төслийг өргөн барьсан.

Үүнийг цаашид хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Санал асуулга дээр тулгуурлаж тогтолцоо тодорхой болох байх. Санал асуулга явуулах хуулиар хоёр асуудлаар хэлэлцэж болдог хуулийн заалттай. Энэ дагуу хоёр дахь асуулт нь Үндсэн хуулийн өөрчлөлтүүд байж болно. Хамгийн гол нь яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж байна. 

-Ард нийтийн санал асуулгын зардлын хувьд?

Зардлын хувьд холбогдох тооцоо судалгааг Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргасан. Хуулийн дагуу санал асуулга явуулах юм бол дөрөв орчим тэрбум төгрөгийн зардал гаргана. Санал асуулга явуулах хэлбэрүүд байна. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг сайд гар утасны мессежээр санал асуулга явуулж байсан. Бүр болохгүй бол ийм хувилбар байхыг ч үгүйсгэхгүй.