Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
2015.05.18

2016 онд Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн салбарт хөгжлийн дэвшил гарах уу

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.13.Лхагва гараг/ хуралдаан 09 цаг 59 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжсанал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газар макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 5.0 хувь, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 7.0 хувьд барих, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28.6 хувь, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 4 хувь байлгахаар тус тус төлөвлөсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын үндсэн чиглэлд тусгасан зорилтын талаарх танилцуулгыг сонслоо.Хүнс, хөдөө аж ахуйн яамны салбарын хэмжээнд нийт 13 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 30 тэрбум төгрөг тусгажээ.

Үүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжүүлэх хүрээний найман зорилт, арга хэмжээнд 13 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 10 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний хоёр зорилт арга хэмжээнд 7 тэрбум төгрөг тусгасан байна.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг хангуулах арга хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Казиногийн тухай хууль, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулиудыг шинээр батлуулах, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар боловсруулж таваас доошгүй хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах саналыг үндсэн чиглэлд оруулсан байна.

Мөн Хог хаягдлыг дахин боловсруулах, Эрчим хүч үйлдвэрлэх, Эко цогцолбор байгуулах асуудлыг Аж үйлдвэрийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү Эко цогцолборыг байгуулснаар хог хаягдлыг байгаль орчинд хал багатайгаар устгах технологийг нэвтрүүлэх, хаягдлаас эрчим хүч гаргах нөөцийг үр ашигтай ашиглах, хаягдлыг бууруулах чиглэлээр ногоон хөгжлийн бодлогын зорилтыг биелүүлэх ёстой гэж үзэж байгаа гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Ж.Батзандан, С.Оюун, Г.Баярсайхан, Х.Баттулганар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд ноолуурын үнэ чухал байр суурь эзэлдэг. Иймээс өнөөдөр ноолуурын үнэ ханш ямар байна. Мөн махны экспортыг ирэх жил нэмэгдүүлэх үү. Мах экспортлох чиглэлээр яамны зүгээс ямар бодлого барьж байна гэсэн асуудлыг хөндсөн юм. Ноолуурын үйлдвэрүүд эх үүсвэргүй байгаатай холбоотойгоор үнэ буурсан.

Ноолуурын үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргаж өгсөн. Энэ асуудлыг Аж үйлдвэрийн яам хариуцан ажиллаж байгаа. ОХУ-д мах экспортлох эрхийг 7 компанид, БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрлийг 6 компанид өгсөн. Харин түүхийгээр мах гаргах асуудал шүлхий гарсантай холбоотойгоор хорио цээрийн асуудалтай байгаа.

Тусгайлсан бүсүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн гаргах гэрээ явагдаж байна. Цаашид яамны зүгээс монгол махны чанар, менежментийг сайжруулахаар төлөвлөж байна. Олон улсын стандартад нийцсэн мах гаргах чиглэлээр бусад улс оронтой хамтарсан судалгаа хийх асуудлыг дэмжиж байгаа гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв.

Мөн тус яамны газрын дарга Л.Чой-Иш хариултдаа, ноолуурын үнэ өнгөрсөн жил 70-80 мянган төгрөг байсан бол энэ жил 40-50 гаруй мянган төгрөг болсон. Үнийн судалгаагаар энэ жил ноолуурын үнийн дундаж ханш 50 мянган төгрөг байна гэсэн үзүүлэлттэй байгаа гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын Эко цогцолборын талаарх асуултад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн хариултдаа, хог хаягдлыг дахин боловсруулах Эко цогцолбор өмнө нь яригдаж байсан асуудал.

Монгол Улс хог хаягдлын асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Өнөөдөр хог хаягдлын цэгт 20 мянган хүн хог түүж тушааж байгаа гэсэн статистик бий. Эко цогцолборыг бий болгосноор хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлаас эрчим хүч гаргаж ашиглах, хаягдлыг бууруулах цогц үйл ажиллагаа бий болно гэж үзэж байгаа гэв.

Гишүүдийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулах асуудал ямар шатанд байгаа болон агаарын бохирдол, малыг эрүүлжүүлэх, Туул голын бохирдлыг бууруулах зэрэг салбар яамдын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндөж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй тул тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжих санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?