С.Эрдэнэ сайддаа баярлалаа
Иргэдийнхээ асуудалд санаа тавьж, нийгмийн хамгаалал болон ард иргэдийнхээ төлөө асар ихийг хийж байгаа УИХ-ын гишүүн, НХХАХЯ-ны сайд С.Эрдэнэд юуны өмнө биднийг сонсож, бидний дуу хоолой болж, иргэдийнхээ төлөө санаа тавьсанд нийт оршин суугчдын зүгээс гүн талархал илэрхийлж байна.
Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 688 өрхийн оршин суугчид болох 3000 гаруй оршин суугчид бид шүүхийн шинэчлэлийн ачаар худал хуурмаг байдалд ялагдалгүй, шат шатны шүүхээр асуудлаа шударгаар шийдүүлэн, нийслэлийн 2 шатны шүүх хурлын шийдвэр иргэд бидний талд гарч, удахгүй өөрсдийн орон байранд сэтгэл тайван амьдрах боломжтой болно гэсэн итгэлтэйгээр хамгийн эцсийн шатны шүүх хурлыг хүлээж байна.
Хохирсон иргэд бидний асуудал нааштайгаар шийдэгдэж байгаа нь сайшаалтай боловч бидний амьдрах орчин мөн л асуудалд өртсөн хэвээр байна. Уг асуудлуудад өөрийн зүгээс анхаарлаа хандуулан, шийдвэрлүүлж өгнө гэдэгт итгэлтэй байна.
Голден парк хотхоны 303 байрын оршин суугч Оюунцэцэг :
2011 оноос хойш Материал Импекс ХК нь асуудал үүсгэж, шүүх гэж явсан. Одоо болтол асуудал нь шийдэгдээгүй, бүхэл бүтэн 3, 4 жилийн турш иргэд оршин суугчдыг хохироож байна. Барилга анх ашиглалтад орохоос эхлээд Материал Импекс ХК нь Голден Парк хотхоны орц гарцыг хааж байсан. Одоо ч энэ байдал хэвээр үргэлжилсээр байгаа. Одоо бүр Голден парк 2 хотхоны орц гарыг хаагаад барилгын хашаа барьчихсан, өдөр шөнөгүй л барилгаа барьж байгаа. Барилгынхаа хашааг хотхоны байртай ямар ч зайгүйгээр тулгаж барьсан нь гал түймэр, ямар нэгэн осол аваар гарсан үед оршин суугч биднийг мөн л орж гарах аргагүй болгоод байгаа.
Голден парк 2 хотхоны 301 байрны оршин суугч Дуламсүрэн :
-Бид анх өөрсдийн амьдрах орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор өөрсдийн гэсэн хашаа байшин, машин тэрэг зэрэг байгаа зүйлсээ зарж байж захиалгаа өгөн, Засгийн газрын 6% болон 8% зээлэндээ хамрагдахын тулд төв талбай дээр өлсгөлөн суулт хүртэл зарлаж байж зээлэндээ хамрагдаж байсан. Гэтэл одоо хүртэл гэрчилгээ гарахгүй байгаа учраас зээл нь эхнээсээ цуцлагдах, алданги төлөх зэрэг хүнд асуудлууд бидэнд нүүрлээд байна.
Голден парк хотхоны 301 байрын оршин суугч Содномжамц :
-Голден парк хотхоны айлууд одоо болтол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй шүүхийн асуудалтай байгаа. Манай хотхоны оршин суугчдын төлөөлөл шүүх хурал болгон дээр өөрсдийн биеэр очиж суудаг бөгөөд анх энэ асуудал үүсэхээс эхлээд Эко Констракшн ХХК-тай очиж уулзахад “ Бид шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцож байгаа. Бид өөрсдийн зүгээс шаардлагатай бүх бичиг баримтаа гаргаж өгсөн” гээд бидэнд холбоотой бүх материалуудаа үзүүлсэн.
Бид ч тэнэг хүмүүс биш, мэдээж өөрсдийн гэсэн бүхнээ зарж үрж байж байрны урьдчилгаа хийж байгаа хүмүүс анх захиалгаа өгөхдөө ч газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрөл гээд бүх бичиг баримтыг нь үзэж шалгаж байж захиалга өгч байсан. Одоо яригдаад байгаа зөвшөөрөлгүй баригдсан зэрэг асуудлууд нь шүүхээр нотлогдоогүй гэдгийг шүүх хурал дээр ч яригдаж, холбоотой бүх бичиг баримтууд нь шүүхийн материалд бүгд байдаг юм байна лээ. Материал импекс ХК яагаад асуудалгүй байгаа зүйлийг ингээд асуудалтай болгож энгийн оршин суугчдыг хохироож байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Бид өөрсдийн зүгээс асуудлаа үнэн зөвөөр шийдүүлж, хохиролоо барагдуулах хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ л хэлье.
Голден парк хотхоны 303 байрын оршин суугч Рэгзэдмаа:
-Бид МУ-ын Ерөнхийлөгч болон нийгмийн хамгааллын яамны сайд Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга гээд очоогүй газар, хандаагүй хүн гэж байхгүй. Өдий болтол хүлээгээд одоо тэсвэр тэчээр маань үнэхээр барагдаж байна.
Харин сая болсон анхан болон давж заалдах шүүх хурлын шийдвэр иргэд бидний талд гарч хуулийн байгууллага асуудлыг үнэн зөвөөр шийдэж байгаад миний зүгээс маш их баяртай байна. Энэ дашрамд оршин суугч бидэнтэй цаг гарган уулзаж, бидний бүх асуудлыг сонсож, хэлэлцэж, өөрийн зүгээс шийдэж болох бүх арга хэмжээг авч, бидэнтэй хамтран ажиллаж байгаа Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо болон сайд С.Эрдэнэд баярлалаа гэдгээ оршин суугчдын өмнөөс уламжилъя.